Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.
Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.
Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэлээ.