Хөзөр уг нь тун сонирхолтой тоглоом.Ухаан шаардаж толгой ажиллуулж тархи, сэтгэл санаа сэргээнэ.Гэтэл энэ уран зурган дээр биш ээ. Даан ч муухай тоглож байна. Өд хатгасан улаан малгайтай хархүү заль хэргэллээ. Эсрэг тоглогчийн хөзрийг ард нь суугаа нөхөр гарынхаа дохиогоор шууд л хэлж байна. Ингэж булхайцвал ямар тоглоом байх вэ. Улаан малгайт бүүр ийм аргандаа дадсан шинжтэй өрсөлдөгчөө их л басан дээрэлхэсэн янзаар сонжин харна. Дунд суугаа ягаан цамцтай хөвүүн түрүүчийн гараандаа хожиж овоо хэдэн зоос цуглуулсан харагдана.
Одоо тэр хэдийгээ буцаагаад алдах нь тодорхой. Гэв ч энэ нь цэвэрхэн хожил биш гэдгийг тэр илэрүүлж чадах болов уу. Францын зураач Валентин де Булонь энэ зургийг 1615 онд зуржээ. Булонь зураач хөзөрчдийн тухай олон зураг зурсаныг олж үзээрэй. Дундад зууны уран зургийн энэ "Алтан үе"-ийн сонгодог зураачид хөзөр тоглодог хүмүүсийн зан авирыг илчилсэн олон гоё зургууд зурж үлдээжээ. Хөзөр тоглохдоо муу арга хэргэлдэг хүн амьдралд яаж ханддаг бол. Хөзөр хүний үнэн дүр төрхийг нээн харуулдаг юм биш биз. Хүнээс нууцалдаг далд санаа нь ингэж илэрдэг юм болов уу. Хөзөр тоглодоггүй хүн гэж үгүй. Тэхээр үүнийг бүгд л гадарлаж таарна. 2021 он
Ө.Рагчаасүрэн