Цагдаагийн байгууллага НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд дуудлага, мэдээллийн “ECS” систем шинэчлэл хийжээ. Энэхүү системээр дамжуулж гэр бүлийн хүчирхийлэгч, хохирогчийн тоон мэдээлэл давтамжийг тогтоон аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. “ECS” программд хүчирхийлэгч болон хохирогчийн регистрийн дугаараар дуудлага мэдээллээр дамжуулан гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл үүсгэж эхэлсэн байна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэгч үйлдэгчид тогтсон хуулийн хариуцлага оноох аж.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ СИСТЕМД ХАДГАЛАГДАНА
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шийдвэрлэх цонхыг шинэчилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг регистрийн дугаарын сантай холбож, тухайн хүчирхийлэгчийг регистрийн дугаараар нь бүртгэдэг болсон. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчийн бүх хууль бус үйлдэл бүртгэгдээд явна гэсэн үг. Дуудлага мэдээллээр бүртгэгдсэн хүчирхийлэгчийг хаана, хэзээ, ямар хүчирхийлэл үйлдсэн нь дэлгэрэнгүй байдлаар системд бүртгэгдэж хадгалагдана. Хүчирхийлэл олон давтагдах тусам Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ял шийтгэл оноодог болсон. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл нь нотлох баримт болж, тухайн этгээд ял завших боломжгүй болж хохирогчийн эрх ашиг хамгаалагдана.
Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагчид зөрчлийн болон хэргийн газар очсон даруйдаа дуудлага мэдээллийн анхны нөхцөл байдлын зурган мэдээллийг таблет төхөөрөмжөөр авч, ECS программд оруулдаг болсон. Ийнхүү тухайн зөрчлийн материалыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан шүүх дээр тухайн зураг мэдээллийг нотлох баримтаар ашиглах боломжтой. Ингэснээр тухайн холбогдогчийг ял завшуулахаас урьдчилан сэргийлж буй юм.
Хүний регистрийн дугаар нь дахин давтагдашгүй. Өмнө нь гэмт хэргийн давтамжийг гэрийн хаяг, утасны дугаар, овог нэрээр бүртгэж байсан. Регистрийн дугаараар бүртгэдэг болсны давуу тал нь тухайн хэрэгтэн хаяг, утасны дугаараа солих тохиолдол гардаг байсан бол одоо бүртгэл үүсээд явна гэсэн үг. Мөн хүчирхийлэл үйлдэгчид ямар хуулийн хариуцлага, арга хэмжээ оногдуулсан гэдэг нь харагдана. Түүх үүсэх нь дахин хүлээх хуулийн хариуцлага нь бодитой бөгөөд гэмт этгээд ял завшихаас урьдчилан сэргийлэх боломжтой. Үнэн бодитой хариуцлага оногдуулахад дөхөм болно. Цаашлаад дуудлага мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр буурахад нөлөөтэй.
БАЙНГА УУЧЛАХ НЬ БАЙНГА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ШАЛТГААН БОЛДОГ
Хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэгчдийн холбогдогчдыг уучилдаг байсан нь дахин хүчирхийлэл үйлдэх шалтгаан болдог. Эдгээр мэдээллүүд хууль хяналтын байгууллагуудад бүртгэлтэй болохоор хохирогч хамгаалагдах боломжтой.
Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 1260 мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.9 хувиар буурсан үзүүлэлтэй байна. 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсан нь иргэдэд хүчирхийллийн тухай ойлголт өгөх хаалттай хаалганы цаана, далд үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх тасралтгүй үйл ажиллагаанууд мэдлэг олгох соён гэгээрүүлэх шалтгаан нөхцөлийг арилгах судлах, хяналтад авах ажлууд хэрэгжиж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил сүүлийн гурваас таван жилийн хугацаанд нэмэгдэх хандлагатай байсан. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар буурсан үзүүлэлттэй байна. Эхний таван жил хүмүүст мэдлэг мэдээлэл олгох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байсан бол энэ жил гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах чиглэлээр анхаарч ажилласны үр дүн хэмээн харж байна.
107 УТСАНД ХАНДАЖ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛНО
Иргэд бие махбодод хүчирхийлэл өртөх, бодит тохиолдолд цагдаад мэдээлдэг. Энэ нь хүчирхийллийн талаарх мэдлэг, мэдээлэл муу байгаатай холбоотой. Сэтгэл зүйн хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй олон хүн бий. Гэтэл эдгээр хүмүүс өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалуулах, хэрхэн таслан зогсоох талаар мэдээлэлгүй байна. Тиймээс цагдаагийн байгууллагын 107 утсанд холбогдож хууль эрх зүйн мэдээлэл авах боломжтой. Сүүлийн үеийн тоон судалгаанаас харвал хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 97 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа бол гурван хувь нь эрэгтэйчүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс хохирогч өөрөө мэдээлсэнээр хүчирхийлэл зогсох боломжтой. Эргэн тойрныхон хамаатан садан, найз нөхөд нь мэдээд хүчирхийллийг байдаг ч мэдээлдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа хорлох зэрэг маш хүнд хор уршгийг авчирдаг. Хүчирхийлэлтэй гэр бүлийн орчин байгаа хүүхдүүд байнга хохирч байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)