Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо.
Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын хэмнэлд шилжсэн ч гадаад нөхцөл байдал амаргүй байна. Үүнээс шалтгаалан 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон. Тодотгол гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой хариу арга хэмжээ авах, хоёрт, Төсвийн хэмнэлтийн тухай хууль, гуравт, төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ багтаж байна. Цаашид аливаа хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээс өмнө МҮХАҮТ-аар дамжуулан аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх шинэ жишиг тогтоож байна” гээд бизнес эрхлэгчдийн үгийг сонслоо.
Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төртэй хэрхэн хамтарч ажиллах талаар Ерөнхий сайдаас асууж, татварын уян хатан бодлого, чадварлаг цомхон бүтэцтэй төр, ажиллах хүчний дутагдлын талаар болон Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого засаг захиргааны хамгийн бага нэгжид хүрч үйлчлэхгүй байгааг ярьлаа. Мөн энэ үеэр “Номин Холдинг” компанийн захирал А.Шагдарсүрэн “Манай улс гадаадаас ажиллах хүч авдаг. Дотоодод ажиллах хүч алга. Үйлдвэрлэгч орон болмоор байна. Ингэхийн тулд төрөөс татварын уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Малынхаа түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулмаар байна. Эдгээрийг эцсийн бүтээгдэхүүн болгодог тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд НӨАТ болон гаалийг татваргүй болгомоор байна” гэлээ.
Харин “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул “Үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг бууруулж болох уу. Аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авбал хөрөнгө оруулалт хийх учраас төлөх хугацааг уртасгавал сайн байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлээс 500 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд энэ зайг ойртуулах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн “Айтүүлс” компанийн захирал Б.Тамир “Төрийн цахим шилжилтийн ажлыг хувийн хэвшил дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн эрчим хүчний хэмнэлтэнд ч манай компани дэмжин оролцож байгаа. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвийн урдах гудамжинд автомашины хөдөлгөөнөөр тодордог эрчим хүчинд хэмнэлттэй гэрэл суурилуулсан. Төр ийм ажлыг хувийн хэвшилд өгвөл хийхэд бэлэн байна” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн үгийг сонссоны дараа “Төрийн 650 үйлчилгээ цахимжсан байна. Хамтдаа шийдлээ яриад хэрэгжүүлээд явбал жилийн дараа том өөрчлөлт гарна. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана. Төсвийн хэмнэлттэй холбоотой бодлогын шинэчлэл хийнэ. Та бүхэн МҮХАҮТ-аар дамжуулан саналаа өгөөрэй. Татвартай холбоотой олон асуудлыг сонслоо, судалж үзнэ. Энэ талаар аж ахуйн нэгжүүдтэйгээ дахин ярилцъя. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ажлууд эрчимжиж, эдийн засгийг тэлэх төслүүдийн 70 орчим хувь нь шийдлээ олсон” гэлээ.
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд нийслэлээс өөр газарт ажлын байр бий болгож, ажилтнууд нь шилжин суурьшсан бол төрөөс бодлогоор дэмжинэ, 500 км хол зайд үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг эргэж харна гэдгээ Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар