Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй. Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч зарим асуудлыг шийдвэрлэх юм.
"Үдийн цай" хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс "Үдийн хоол" болгож, нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг 600₮-өөр нэмэгдүүллээ. “Үдийн цай” хөтөлбөрийн норматив 2006 онд 300₮, 2008 онд 400₮, 2012 онд 600₮, 2019 онд 900₮ байсан бол 2021 онд 1500₮ болж нэмэгдэж байна.