Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан. Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна.
Энэ үеэр хариуцлага алдсан гэх үндэслэлээр Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтныг хойшлуулшгүйгээр баривчлаад байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд боомт дээр ужиг өвчин болоод байсан ачаа тээврийн бөөгнөрөл, авлигал, шан харамжийн асуудал ийн шийдвэр гаргах түвшинд сөхөгдөж байна. Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газар үүгээр Замын-Үүдийн авлигалын мафитай тэмцэж эхэллээ хэмээн онцолсон.
Тэгвэл боомт дээр гацаад буй ачаа тээврийн бөөгнөрлийг 20 хоногийн дотор задлах, хэвийн болгох төлөвлөгөө гаргасан талаараа тэр мөн тайлбарласан байна. Тухайлбал төмөр зам ашиглан тээвэрлэх, үүний тулд галт тэрэгний тоог нэмэгдүүлж ажиллах аж. Мөн БНХАУ талаас ч хилээр нэвтрүүлэх ачаа, тээврийн машиныхаа тоог нэмээд байгаа юм байна.