УИХ-ын чуулганы өнөөдрийн хурлыг иргэн хүний хувьд анхааралтай үзлээ. Их хурлын дарга Г.Занданшатар индэр дээрээс хэлэхдээ: Наадам бол Соёлын биет бус өв. Наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Соёлын өвөө хадгалж өвлүүлэх ёстой гэлээ.
Эрийн гурван наадам Монголчуудын биет бус өв соёл мөнөөс мөн. Хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид,шандаст хүлгийнхээ хурд, эр бяр эд хавийг гайхуулан омогшин нааддаг ард түмэн. Гэвч энэ удаа баяр цэнгэл наадмаа тэмдэглэхийн оронд өдөрт хэдэн арваараа тахлаар өвчлөн амь эрстэж байгаа ард түмнээ аврахын төлөө үхэлтэй тэмцэх цаг тулаад байна.
Сайн цаг ирвэл наадмаа хийнэ гэж хоног сар товлож 6 сарын 15 гэхэд цар тахлыг хумхичихна гэсэн төсөөлөл бодит байдал дээр эсрэгээрээ болж хоногт гарч байгаа өвчлөлийн тоо хоёр мянгыг хол давж амь насаа алдах иргэдийн үхэл арав арваар тоологдож байхад хэн баяр наадам хийхийг хүсээд байна вэ?
Өнөөдөр УИХ-ын Чуулган дээр яаралтай горимоор хэлэлцэж байгаа асуудлыг эрэмбэлээд нэг харлаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх 100 жилийн ойн медаль загварыг батлах асуудал нэгд эрэмбэлэгдэж тэрбум төгрөгөөр хийхээр МАН олонхоороо дэмжчихлээ.
Үүнтэй зэрэгцэн өнөөдөр өрнөж байгаа үйл явдал бол УОК-ын дэргэдэх эрдэмтдийг баг хатуу хөл хорио тогтоохгүй бол өвчлөл өнөөдрийнхөөс ч хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байгааг судалгаатай хэлж, НОК-ын дарга нь боломжит бүх газруудад ор дэлгэж, Засгийн газраас бүтэн хоёр жил хөл хорио, хязгаарлалт тогтоон орлогогүй болсон аж ахуй нэгжүүдээ дахин хатуу хөл хорио тогтоон улам хүнд байдалд оруулахгүйн тулд бүхий л арга хувилбараа тооцоолон ажиллаж байна. Өнөөдөр ачааны хүндийг үүрч галын шугаманд ажиллаж яваа эмч эмнэлгийн ажилчид цаашлаад ЭМЯ, УОК, ЗГ наадам тэмдэглэхийг дэмжихгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байгаа. Аав ээжийгээ, ах дүү ханиа цар тахлаар алдаж байгаа ард түмэнд чинь баярлаж цэнгэх сөхөө алга.
Харин олноор төрийн эрхийг барьж буй МАН-ын удирдлагуудад л баярлах бардамнах зориг байна. Та нарт үг дайя. Ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо олж авсан өмнөх түүхийн чинь он жилүүдэд ард олноороо өвчин тэмбүү тахалд баригдсан үеэ давчхаад баярлаж ардын намаа тунхаглаж байсан юм.
Өнөөдөр цар тахлын улмаас энгийн иргэд өдөрт хэдэн арваараа нас барж өвчлөл нас баралтаараа дэлхийд тэргүүлж байхад үндэсний өв соёл тунхаглаж 100 жил тэмдэглэх нь одоогийн МАН-ын удирдлагуудын баяр бахдал уу?
Монгол төрийн наадам түмнээ баясгахад оршдог бусуу? Тэгвэл түмэн олон чинь тахалд нэрвэгдээд хүндхэн байна. Юун наадам, Юун 100 жил !!!