ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр өөрийн цахим хуудсандаа ковидтой өвчтөнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар мэдээллийг сийрүүлсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын "Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Чанар Аюулгүй Байдлын Алба" (ЭМТҮЧАБА) буюу хуучнаар Чанарын алба, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн захирлууд нь улаан бүсэд (Халдвартай өвчтөнийг эмчилж байгаа тасаг; Эрчимт эмчилгээний тасаг) үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд тавих хяналтыг эрс сайжруулах хэрэгтэй байна.
Улаан бүсэд байгаа хүмүүст үзүүлж байгаа эмчилгээ, тусламж, асаргаа сувилгааг байнга хянаж, чанаржуулж, сайжруулснаар нас баралтыг бууруулж боломжтой. Эмчилгээний бүрэлдэхүүн компонентууд 100% хийгдэж байгаа эсэх, шинэ техник технологийн ашиглалт, эрчимт эмчилгээний сэтгэлгээ, арга барил гэх мэт.
Одоо бид нэг үеэ бодвол хаана хаанаа туршлага хуримтлуулсан, олон зүйл тодорхой болсон, хангамж сайжирсан учраас үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулах ба/эсвэл улам сайжруулах цаг болжээ.
Мөн түүнчлэн өдрийн мэдээгээр өвчтөнүүдийн динамик өөрчлөлтийг мэдээлж байх нь зүйтэй. Тухайлбал:
(1) Хэдэн хүн маш хүнд байдлаас сайжирч хүнд, хүндэвтэр байдалд шилжсэн? эсвэл эсрэгээр хүндэрсэн;
(2) Хэдэн хүний амьсгалыг аппаратаар удирдаж, орлуулж байгаа?
(3) Хэдэн хүн амьсгалын аппаратнаас гарч өөрийн амьсгалдаа шилжсэн?
Өвчин анх гарч байсан үеийг бодоход байдал өөр түвшинд хүрсэн учраас чанарын ахиц дэвшил гаргахын тулд зөвхөн өөрийнхөө санаа бодлыг л бичлээ.
Нөгөө талаар хүн төрөлхтөнд иймэрхүү пандемийн шинжтэй өвчин тохиолдох давтамж хоорондын хугацаа богиносч байгаа учраас бид ч бүх түвшиндээ ажил хэрэгч, тухайн цаг үедээ тохирсон шуурхай дүн шинжилгээ хийж, асуудлаа илрүүлэн, засч залруулж сурах хэрэгтэй байна.