Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр тэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
"Алтан жолоо групп"-ийн ерөнхийлөгч В.Энхбаатар "Тээврийн асуудал хүнд байна. Замын-Үүдийн тээврийн асуудал маш хүнд болоод байгаа. Урагшаа гардаг машины тоо багассан. Тэнд ажиллаж байгаа хилийн цэрэг, зам тээврийн яамныхан хахууль авч байгаа учраас тээврийн зардал өсөөд байна гэж хардаг.
Гэтэл бодит байдал дээр тээвэр хийдэг жолооч, Эрээнд байдаг хэдэн Монголчууд нийлээд энэ тээврийн зардлыг өсгөөд байна. Энэ асуудлыг даруйхан зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, долоон мянгаар явдаг тээвэр өнөөдөр 35 мянга хүрсэн. Үнийн өсөлт нь зах зээлд их нөлөөлж байна.
Өмнө нь хилээр 150-200 машин хилээр гардаг байсан. Тээвэрлэлт хэвийн явагддаг цаг үеийг эргэн авчрахад төр засаг анхаараач гэж хүсэж байна" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Татвар тэглэдэг гашуун зүйл рүү бид явахгүй. Манай улс нэг удаа хийсэн. Дахиж ийм зүйл хийхгүй. Орлогоо олдог, татвараа төлдөг шударга тогтолцоо руу явна. Өнгөрсөн онд 2.4, энэ жил 1.7 их наяд гээд төсөв өөртөө ахадсан ачаалал үүрч байна. Шинэ орчин, эдийн засгийн тэлэлтэд бид бэлтгэлтэй байх ёстой.
Уул уурхайн бирж манай засгийн газрын томоохон зорилтуудын нэг. Уул уурхайн экспорт эдийн засгийн 80, 90 хувь руу дөхөж очдог. Харамсалтай нь бид уул уухайн эдийн засгаа бүхэлд нь хянаж чаддаггүй.
Үүнийг дагаад маш том далд эдийн засаг бий болсон. Уул уурхай зөвхөн аман дээрээсээ зардаг. Ам хил хоёрын хооронд буюу тээвэрлэлтэд маш том далд эдийн засаг бий болсон. Үүнийг цэгцлэх ил тод болох ганцхан суваг нь биржийн асуудал. Татварын болон бусад бодлогоор бид энэ асуудал руу орно. Биржүүдийг нэгтгэх гэдэг нь их чухал.
Гашуунсухайт дээр тавдугаар сарын 31-нд нэг сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрсийг биржээр дамжуулж зарна. Гашуунсухайтын хүчин чадал ирэх онд гурав дахин нэмэгдэнэ. Эрээн, Замын-Үүдэд тээврийн зардал өсөж байгаа нь далд зүйл. Үүнд төрөөс оролцож, зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.
Ганцхан Замын-Үүдэд биш Гашуунсухайт дээр бөөгнөрөл, ямар ч хяналтгүй хонгил үүссэн. Ойрын хугацаанд голдиролд нь оруулна. Нэгдмэл улсын татварын бодлогоор бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийднэ" гэлээ.