Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ удаад Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн /УГТЭ/ Сувилахуйн ухааны албыг танилцуулж байна. Тус эмнэлэг нь долоон алба, 23 тасагтай. Сувилахуйн алба нь 23 ахлах сувилагч дөрвөн арга зүйч, 374 сувилагч, тусгай мэргэжилтэнтэй том хамт олон.
Сувилахуйн алба нь сувилахуйн албаны дарга, дотор, мэс засал, параклиник, сургалт хариуцсан сувилахуйн арга зүйчтэйгээр сувилахуйн тусламж үйлчилгээний бүх үйл ажиллагааг багцлан, үйлчилгээ үзүүлэн удирдан зохион байгуулж сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ удирдлагаар ханган ажилладаг.
УГТЭ-ийн Сувилахуйн ухааны албаны дарга, Тэргүүлэх зэрэгтэй сувилагч Д.Тунгаамаа болон арга зүйч нартай ярилцсанаа хүргэж байна.
Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа УГТЭ-т 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ухааны магистр зэрэгтэй олон улсад удирдлагын ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн манай улсын чадварлаг сувилахуйн мэргэшсэн мэргэжилтэн.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд танд болон танай хамт олонд удахгүй болох сувилагч нарын баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Манай эмнэлэг жил бүрийн тавдугаар сарыг сувилагч тусгай мэргэжилтний нэрэмжит сар болгон тэмдэглэж ирсэн.
Бид сувилагч нарын баярын өдрийг угтан гурван чиглэлээр 30 гаруй ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Коронавирусийн цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед эмч нарын баруун гар болж, эрсдэлээс сэргийлж, ард иргэдээ хамгаалах, эмчлэх сувилах их үйлсэд сэтгэл гарган зүтгэж, тэргүүн фронтод ажиллаж байгаа нийт сувилагч нартаа талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.
-Таны хувьд энэ хамт олонтой хэзээ амьдралаа холбосон бэ? Танай албаны онцлог?
-Миний хувьд УГТЭ-т 30 жил ажиллаж байна. Анх 2000 онд манай эмнэлэгт Сувилахуйн алба нь Сувилгаа эрхэлсэн орлогч дарга, хоёр ерөнхий сувилагч бүтэцтэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үед Сувилгаа эрхэлсэн орлогч даргаар С.Наранчимэг багш маань, би ерөнхий сувилагчаар томилогдон ирж ажиллаж байсан бөгөөд одоо долоо дахь жилдээ сувилахуйн албаны даргаар ажиллаж байна.
Бид сувилагч нараа чадваржуулах, мэргэшүүлэх, хөрвөн ажиллах бүх хөтөлбөрүүдийг үе шаттайгаар зохион байгуулдаг ба улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас бид энэ чиглэлдээ түлхүү анхаарч сувилагч нарыг тасралтгүй чадавхижуулж мэргэшүүлэх чиглэлд ажиллаж байна.
Нийт 374 сувилагч нарын 40,3 хувь нь сувилахуйн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй, 55,7 хувь нь төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн сувилагч нар байдаг бөгөөд жилээс жилд сувилагч нарын мэргэшил эзэмших, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх байдал нь өсч байгаа. Үүнээс гадна 60 гаруй тусгай мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нарийн мэргэшлээр гадаад, дотоодын сургалтанд тогтмол хамрагдан мэргэжил ур чадвараа жилээс жилд нэмэгдүүлэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
-Албаны даргын хувьд чадвартай хамт олноор хүний нөөцөө бүрдүүлэх нь хамгийн чухал байдаг. Энэ тал дээр таны ажиллах зарчим, болон авч хэрэгжүүлж буй ажлуудаасаа хуваалцана уу?
-Манай эмнэлэгт жилдээ амбулаториор 170,000 орчим хэвтэн эмчлүүлэх тасгуудад 8,000 орчим хүн үйлчлүүлдэг улсын хэмжээнд Зүрх, Мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг үзүүлдэг төвлөрсөн эмнэлэг. Бидний хувьд шинэ сувилагч нарыг гурван үе шаттайгаар сонгон шалгаруулж ажилд авдаг.
Шалгаруулалтад тэнцсэн сувилагч нарыг дасан зохицох үе шатны сургалтуудад хамруулан сургаж, мэдлэг мэргэжлийг нь сайжруулах ажлыг зохион байгуулж боловсон хүчний нөөц бүрдүүлдэг.
Үүний хүчинд одоогоор сувилагчийн орон тооны дутагдалгүй ажиллаж байна. 2015 оноос хойш “Байгууллагын соёлын сургалт”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Сургалт болгондоо байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилгоо таниулж сурталчилдаг. Манай эмнэлэг сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ чадварыг дээшлүүлэх, шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажилладаг туршлагатай учраас гадаад оронд урт, богино хугацааны сургалтанд олон хүнийг хамруулах зорилготой ажилладаг.
Одоогоор манай багийн 30 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд гадаадад сургалтанд хамрагдсан.
Бидний бас нэг бахархал нь Монгол улсын анхны гавьяат сувилагч Ө.Тунгалагтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байгаа явдал юм. Тэрээр 47 дахь жилдээ манай Чих хамар хоолойн ахлах сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд залуу үеэ сурган хүмүүжүүлж, үлгэр дуурайлал болон ажилласаар байна.
УГТЭ-ийн Сувилахуйн арга зүйч, ахлах зэрэгтэй сувилагч Н.Отгонжаргал
Манай хамт олон өнгөрөгч 2020 оныг “Сувилагч, тусгай мэргэжилтний хөгжлийг дэмжих жил” болгон 20 бодит ажил, 20 үр дүн зорилтын хүрээнд дөрвөн чиглэлээр 20 ажлыг зохион байгуулсан. Үүнд сувилагч тусгай мэргэжилтний ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “Нэгийн араас нэг” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Мөн сувилагч мэргэжилтний шөнийн ээлжийн нэмэгдлийг олгох, өглөөний хоол, цайгаар үйлчлэх зэрэг сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн асуудалруу чиглэсэн ажлуудыг амжилттай шийдвэрлэн өнгөрөгч оныг үдсэн билээ.
2021 оны Олон улсын сувилагч нарын өдрийг угтан эмнэлгийн даргын 93 тоот тушаалаар тавдугаар сарыг “Сувилагч тусгай мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлан тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.
УГТЭ-ийн Сувилахуйн арга зүйч, Ахлах зэрэгтэй сувилагч Н.Гэрэлтуяа
2020 оноос дэлхий нийтийг хамарсан Коронавирусийн цар тахлын энэ хүнд цаг үед эмч, эмнэлгийн ажилчид маань чин сэтгэлээсээ хичээн ажилласаар байгаад талархал илэрхийлье. Манай албаны хувьд яг одоогийн байдлаар 30 гаруй сувилагчид ЭХЭМҮТ-ийн улаан бүс, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дуудлага мэдээллийн төв, вакцинжуулалт болон шинжилгээний цэгт дайчлагдан ажиллаж байна.
Мөн УГТЭ нь цар тахлын үед халдвар авсан иргэдийг эмчлэх эрчимт эмчилгээний 20 ор, эмчилгээний 80 орыг дэлгэн ажиллаж, улаан бүсэд одоогоор 10 гаруй сувилагч ажиллаж байгаа.
Цар тахлын энэ хүнд үед сувилагч, мэргэжилтнүүдээ халдварын эрсдэлээс сэргийлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний хүний нөөцийг таслахгүй байх зорилгоор дайчлагдан ажиллах сувилагч, тусгай мэргэжилтнийг эмнэлгийн захирлын тушаалаар баталгаажуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Сувилагч нарын хувьд ажиллаж байгаа тасаг бүрт халдвар хамгааллаа сахих, хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, тайлах, автомакс ашиглан агаарын ариутгал хийх, хамар залгиурын арчдасын шинжилгээ хийх сургалтыг тогтмол явуулж дадлагажуулж байна. Энэ хүрээнд 23 тасгийн ахлах сувилагч нарыг сургагч багшаар бэлтгэсэн.
2020 онд манай сувилахуйн баг хот, хөдөө орон нутгийн 40 гаруй сувилагчийг ЭМЯ, ЭМХТ-тэй хамтран Цар тахлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээг ажлын байран дээр чадавхижуулах дадлага сургалтанд хамруулсан.
Коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтнүүд, сувилагч нар ямар үнэ цэнэтэй туршлагатай чадвартай байгааг бид өдөр бүр бахдан харж байна.
Эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь байж, ид хавийг нь гаргаж буй бүхий л эмч нартаа талархал илэрхийлье. Үүнээс гадна нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ удахгүй болох “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийн мэндийг хүргэе.
УГТЭ-ийн Сувилахуйн арга зүйч, Тэргүүлэх зэрэгтэй сувилагч А.Эрдэнэцэцэг:
Олон улсын сувилагч нарын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд УГТЭ нь 2008 оноос сувилагч мэргэжилтнүүд онол практикийн бага хуралд бүтээлээ хэвлүүлж эхэлж байсан бол 2015 оноос Үндэсний хэмжээний сургалтыг долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулахаар ажиллаж байна. Хамгийн анхны сургалт, семинарыг “Тархины харвалтын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд дараа дараагийн жилд зүрхний эмгэг, мэс заслын сувилахуйн тусламж, дотрын эмгэгийн сувилахуйн тусламж, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа болон авч байгаа хүмүүсийн эрхийг хамгаалъя зэрэг сэдвүүдээр жил бүр амжилттай зохион байгуулсан.
Өнгөрөгч 2020 онд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Сувилагчийн хөгжил -2020” сэдвээр анхдугаар цахим сургалтыг зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн 1000 гаруй сувилагч нар оролцлоо.
Тус сургалт, семинарыг зохион байгуулснаас хойш нийт 260 гаруй эмнэлгийн 2,140 гаруй сувилагч мэргэжилтнүүд оролцсон 467 эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ирүүлсэн бахдам амжилт гарч байна. Бидний ажлыг үргэлж дэмжин ажилладаг эмнэлгийн байгууллагынхандаа баярлалаа.
Энэ жил ОУ-ын сувилагч нарын өдрийг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” уриан дор “Ковидийн үеийн мэс засал, мэдээгүйжүүлгийн цогц шийдэл сэдэв” цахим хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тиймээс эмч мэргэжилтэн та бүхнийг тус сургалтанд идэвхтэй оролцохыг урьж байна.
УГТЭ-ийн Сувилахуйн арга зүйч М.Лхагвамаа:
УГТЭ нь хот, хөдөө орон нутгийн сувилагч нарыг чадавхжуулах хүрээнд үзүүлэх сургалтыг олон удаа зохион байгуулсан гайхалтай туршлагатай хамт олон. Улаанбаатар хотын есөн дүүргийн эмнэлгийн мэс заслын болон боолтын сувилагч нарыг чадавхжуулах сургалтыг хоёр дахь жилдээ маш амжилттай зохион байгууллаа. Мөн 2015-2020 онуудад нийт 315 сувилагч, тусгай мэргэжилтнийг зургаан чиглэлээр төрөлжсөн сувилахуйн сургалтыг Сувилахуйн алба болон эмнэл зүйн сургагч багш нар хамтран зохион байгуулсан бөгөөд сувилагч нарын хувьд яаралтай тусламж үйлчилгээ, мэс засал, эрчимт эмчилгээний чиглэлээр зонхилон суралцдаг. Бидний хувьд хот, хөдөө орон нутаг нийлсэн 28 байгууллагатай хамтын үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Орхон, Сэлэнгэ, Дархан, Говь-Алтай аймгуудтай түншийн харилцаатай ажиллаж, лавлагаа тусламж үйлчилгээний хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, шинэ технологи, шинэ мэдээллийг хүргэж, ажлын байр болон цахим сургалтыг удаа дараа зохион байгуулан ажиллаж байна.
Мөн 2019 оноос хойш “Өсөн дэвших сургалт”-ын хөтөлбөрийг эмнэлгийн даргын тушаалын дагуу батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Манай сувилагч нар аль ч тасагт очсон үзүүлэх тусламж үйлчилгээгээ стандартын дагуу хүргэж чаддаг болтлоо хөгжсөн нь бахархалтай.