Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч иргэдэд цахим хэлбэрээр хүргэхээр боллоо. Энэ сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийн цахим үйлчилгээг www.ejob.gov.mn вэбсайтаар дамжуулан ажил хайгч иргэн, ажилтан хайж байгаа ажил олгогчид үзүүлэхээр болсон.
Гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25105 иргэн ажил хайж, төрийн болон хувийн хөдөлмөрийн биржид 6413 ажлын байр нээлттэй бүртгэгдсэн байна.
Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлын үед ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилд зуучлахад хүндрэлтэй болж байгаа энэ үед төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон хөдөлмөрийн хувийн биржүүд www.ejob.gov.mn цахим системээр дамжуулан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй хүргэж, хөдөлмөр зуучлалын ажлыг зохион байгуулах юм. Цахим системд ажил хайгч иргэн хандсанаар дараах боломжуудыг ашиглана.
Үүнд:
-Өөрийн хөдөлмөр эрхлэх боломжийн үнэлгээг хийлгүүлэх;
-Ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөгөө боловсруулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах;
-Холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцааг цахимаар хэлбэрээр үнэ төлбөргүйгээр авах;
-Өөрийн ур чадвар, ажил, мэргэжилд нийцсэн ажлын байрны захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч ажилд зуучлуулах;
-Нөгөө талаас ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрандаа өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтныг зуучлуулан авах.
Хөдөлмөр зуучлалын энэхүү цахим системийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн системийг хөгжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр илүү өргөжүүлэн хөгжүүлж, тоног төхөөрөмж, программ хангамжийн шинэчлэлийн ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.
ХНХЯ