АН-ын хоёр талд байгаа нөхдүүдэд зөвшилцөх санал гаргасан. Харамсалтай нь өнгөрсөн гурван өдрийн хугацаанд дарга нар ирсэнгүй. Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болох ч намын гишүүд бүх зүйлийг шийднэ. Манай нам хоёр тамгаараа хоёр нэр дэвшигч дэвшүүлэх юм бол нэг дэвших, эсвэл бүр аль нь ч дэвшихгүй байх магадлалтай болоод байна. Өөрөөр хэлбэл нэг талын тамга хүчинтэй, нөгөө тал нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт шалтгаан бий.
СЕХ, хоёр нэр дэвшигч авчирсан гэдэг шалтгаанаар АН-ыг сонгуульд оролцуулахгүй хасах боломжтой. Ийм хуулийн хайчинд байгаа нөхдүүд намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээрээ байна. Олон хүн үүнийг мэдэж байгаа ч мэдээгүй мэт зүтгэж байгаад харамсаж байна. Та бүхэн 200 мянган гишүүний эрхийг уландаа гишгээд урагшаа явж болно. Гэхдээ ирээдүйд хоёр талд талцаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол жирийн гишүүд чинь та бүхнийг яллах болно гэдгийг онцлон хэллээ.