Эрүүл мэндийн яам ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа. Одоогоор нөхцөл байдал:
– Хоногт коронавирусын 100-аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000 болох нь тодорхой боллоо.
– Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.
– Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ. Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл байгааг онцоллоо.
– Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
– Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна.
Ийн халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ.
Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.