Зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн өнгөрсөн шөнө тус буудлын таван давхраас унаж нас барсан гэх мэдээлэл байгаа билээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Гуравдугаар сарын 16-ны өдөр 23:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Корпорэйт" зочид буудлын таван давхраас хүн унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газрын үзлэгээр, тухайн иргэн цонхоороо даавуу, хөшиг унжуулж боосон гэх нөхцөл байдал тогтоогдсон.
Магадгүй гадагшаа гарах оролдлого хийсэн байж болзошгүй харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ үнэхээр гарах оролдлого хийж байгаад унаж нас барсан эсэхийг цагдаагийн байгууллага урьдчилж хэлэх боломжгүй.
Бусад баримтуудыг цуглуулсны үндсэн дээр тодорхой болно. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээлэл өглөө. Талийгаач нь тус зочид буудалд тусгаарлагдаж байсан гэв.