Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн.
2021 оны хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр олон улсын зах зээлд гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компанийн удирдлагуудыг өнөөдөр дахин хүлээн авч уулзлаа.
Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт анхаарлаа хандуулсаар байна.
Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналуудыг түлхүү тавилаа.
Зарим орнуудад мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг баримтуудыг дурдаж байв.
Ерөнхий сайд “Мэдээлэл, технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана” гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалтууд хийнэ гэлээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байгаа.
Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломжууд бий гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн.
Сэтгэгдэл 1