Ардчилсан намын удирдлагын багаас асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажлыг хариуцаж буй Ц.Оюундарь: “Ардчилсан намын 4:11 уулзалт бол 2008 оноос эхлэлтэй намын байр сууриа илэрхийлж сэтгүүлчидтэй хийдэг уламжлал болсон уулзалт. Бид энэхүү уулзалтаа дахин сэргээж байна. Манай намын дотор нэлээн том өөрчлөлт, шинэчлэл хийгдэж байгаа учраас долоо хоног бүр мэдээлэл хийнэ" гэлээ. АН дижитал шинэчлэл хийж, анх удаа бүх гишүүдээ оролцуулсан цахим сонгууль явуулах гэж байгаагаа мэдэгдэж байна. Дөрөвдүгээр сарын 25 хүртэл бэлтгэл ажил үргэлжилнэ. Түүнээс өмнө энэ сарын 17-нд цахимаар санал хураалт явуулах программыг анх удаа ашиглаж, ҮБХ-ны орсон гарсан гишүүдийн нөхөн сонгууль болон намын дунд шатны дарга нарын сонгуулийг явуулна. Энэхүү цахим санал хураалтын туршилт өнөөдөр Баянгол дүүргийн АН дээр хийгдэх гэж байна.
Намын даргын сонгууль бүх аймаг, суманд байгаа 140 мянган гишүүний дунд цахимаар явагдана.
Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 19, 20-нд болно. Түүнээс хойш нэг сарын хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилнэ.
Сэтгүүлчдийн асуултанд:
-Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно гэж байна. Харин нам, эвслүүдээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын сүүлээр товлогдсон. Энэ хооронд АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж амжих уу?
Ц.Оюундарь: Нам, эвслүүд нэр дэвшигчээ гурав хоногийн дотор тодруулахаар хуульчилсан. Түүнээс өмнө бид цахим сонгуулийг хэд хэдэн удаа туршина. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ бүх гишүүдээсээ цахимаар сонгох боломжтой.
-Энэ сунгаагаар сонгогдсон намын даргыг Улсын дээд шүүх бүртгэх үү?
АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү: АН-ын дотоод сонгуулиар сонгогдсон хүнийг намын дарга гэж үзнэ. Тэр хүнээ хуульд заасан 10 хоногт багтаагаад УДШ- өгөөд бүртгүүлээд явна. УДШ бүртгэх үүрэгтэй.
-Одоо аль тамга нь хүчинтэй юм бэ?
О.Баасанхүү: Өнөөдрийг хүртлэх бүх хугацаанд намын дотор ямар нэгэн хагарал байгаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт намын тамга, тэмдэг, бүртгэл байгаа. Дүрмийн өөрчлөлт хийх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан гэж ярьдаг. Түүнийг УДШ хуульд нийцээгүйг тогтоосон. Тэр асуудалд намын даргыг өөрчлөх тийм зүйл байгаагүй. Зөвхөн дүрмийн өөрчлөлтийн асуудлаар хуралдсан.
Ц.Оюундарь: Дотоод сонгуулийн хорооны гишүүн байсан Ц.Туваан, И.Мөнхжаргал нарын хүмүүсийг үйл ажиллагаа зогсохгүй бол эрүүгийн хууль заасан гэмт үйлдэл болж хувирна гэдгийг анхааруулж байна.
Намын даргын сунгаад С.Эрдэнэ болон түүний удирдлагын баг нэр дэвших эрхгүй. Харин шинээр сонгогдсон намын даргыг тавдугаар сарын 2-нд намын их хурлаар батламжлах хүртэл тамга, тэмдгийг эзэмшиж байгаад дараагийн хүндээ хүлээлгэн өгнө.
-АН-аас сонгогдсон өнөөгийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй юу?
О.Баасанхүү: Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой 50 нас хүрсэн маш олон хүн байгаа. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших сонирхолтой байхыг үгүйсгэхгүй.
Намууд дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тиймээс нэр дэвших сонирхолтой 50 нас хүрсэн бүх хүнийг цахим сонгуулиар өрсөлдүүлнэ. Одоогийн Ерөнхийлөгч энэ намаас нэр дэвших сонирхолтой байвал бид өрсөлдөөнд оруулна.