БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Бид танхимын хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Яагаад гуравдугаар сарын 1-н вэ гэдэгт хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт: Энэ хоёрдугаар сард цаг агаар хүйтэн байх төлөвтэй байна. Отроор явж буй малчдын ЕБС-д суралцдаг 20000 орчим хүүхэд байдаг.
Хоёрдугаарт: Томуу, томуу төст өвчний тархалтын асуудал байна. Томуугийн оргил үе нь хоёрдугаар сард тохиодог.
Гуравдугаарт: Цагаан сарын үеэр хөл хорино зэргийг үндэслээд хэрэв хоёрдугаар сарын дундуур хичээл эхлүүллээ ч долоохон хоног хичээллээд дахиад завсарлачих нөхцөл байдал үүсэх юм. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой байдаг.
Гэтэл өнгөрсөн оныг харвал 80 гаруй хоног цахим, теле хичээлээр хичээллэсэн байна. Үүнээс болоод нийт сурагчдын 70-80 хувь нь хичээлийн хоцрогдолд орсон. Санаа зовж байгаа асуудал бол цахим, теле хичээлийн үеэр 174 мянган хүүхэд тодорхой гар утас, компьютергүй, интернэтгүй газруудад байдаг. Улаанбаатар хотод л гэхэд зөвхөн цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх бий. Тэдний үр хүүхдийн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулъя хэмээн бодож байна.
Дэлхийн ковидын өндөр дэглэмтэй улсууд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг явуулж болоод л байгаа юм чинь бид ч бас болох л учиртай. Өнөөдөр миний бие энэ байр сууриа Улсын Онцгой комисст илэрхийлсэн, цаашдаа Засгийн газарт орж хэлэлцүүлснээр гуравдугаар сарын 1 гэхэд Улс даяар танхимын хичээлийг явуулах боломж бүрдэх юм гэжээ.