Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.
Эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйжбайна. Биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байсан. Бидэнд амжилт ололт, алдаа ч оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй, бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд, хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.
Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.
Харамсалтай нь бүрэн бүтнээрээ ажиллаж чадсангүй, сэтгэл зовниж байна. Өчигдөр залуучууд талбай дээр жагсаал цуглаан хийсэн нь зөв. Бид та бүхний шаардлагыг хүлээж авч байна. Би энэ хариуцлагыг үүрэх ёстой.
Миний танхимын хоёр хүн өргөдлөө өгсөн. Танхимаа байгуулахдаа элэг бүтэн ажиллана гэж бодсон. Би хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгө төлж, ард иргэдийг турхирсанд харамсаж байна. Улс төрийн үймээн самуун гарч, төр засаг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэх вий гэж урьдчилан сэргийлж, би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Олон нийтийг үймээн самуунд турхирч болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэлээ.