Маш энгийнээр, дэлхийн газрын гадарга бол зуухан дээр тавьсан данхтай цай. Их халбал буцалж дэвэрдэг. Газар хөдлөлт ерөнхийдөө тиймэрхүү. Өнөө өглөө бол М6.5 газар хөдлөлт Хөвсгөл нуурын орчимд төвтэй хэрнээ Улаанбаатарт чичирхийлэл биш, бүр савлалт мэдрэгдлээ. Өмнө нь газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрч байгаагүй олон хүн өглөөний савлалтад сэрлээ. Магнитуд нь багажинд бичигдсэн голомтын хүч. Балл нь хүмүүст мэдрэгдсэн доргилтын хүч. Хамгийн сайн багаж газар хөдлөлтийг хамгийн эртдээ 2 секундын өмнө л мэдэрдэг гэх. Өнөө өглөөнийхөөр бол аюул маш ойрхон, харин хоёр гурван алхмын цаана, хажуу өрөөнд унтаж байгаа хүүхдүүд дээрээ очиход дэндүү хол байгаа биз!
Ер нь Улаанбаатар 7.5 баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Авдар уул, Гүнжийн ам, Эмээлт, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум хамгийн идэвхтэй нь. УБ-тай ойрхон учир эдгээр газарт 7.5 баллын хүчтэй хөдлөхөд нийслэлд 6.5 баллын хүчээр мэдрэгдэнэ гэдэг. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлтөд Улаанбаатарын нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 200-300 мянган хүн хохирогч болох эрсдэлтэйг 2003 онд Жайка төслөөс гаргасан. Үүнээс бага, 4 баллын хүчинд хотын олон сургууль, эмнэлэг, орон сууцны барилга нурах эрсдэлтэйг мөн сануулсныг сурвалжлан бичиж байв. Манайхан заримдаа загасны ойтой. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болно гэсэн шуугиан дэгдсэн. Яг л 12 сарын 21-нд дэлхийн сөнөнө гэдэг шиг. Төрийн ордонд эрдэмтэд лекц уншиж, Ерөнхийлөгч мэдээлэл сонсч, зарим айл байраа сольж, дөрвөөс доош давхарт байраа сольж, эрсдэлтэй байруудыг хүчитгэж, газар хөдлөлтийн болон усны хагалбар дагасан газар олголтыг цэгцэлж, Зайсангийн байрууд ч хямдарч байсан даа. Гэснээс 2010 онд байхаа, Перугийн нэрт эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд ирсэн. Бидний хэдэн нийтлэлч уулзав. Бас лекц уншсан. Гэр хорооллын газраа мөнгөжүүл, маш их мөнгө сул хэвтэж байна гэснийг нь манайхан маш сайн тогтоож авсан. Мань хүн бас стандартын сануулсан юм. Орон сууц, оффисын барилгууддаа газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр стандарт тогтоо, мөрдүүл, газар хөдлөлт хүн алдаггүй юм, стандарт л хүн алдаг юм гэж ярьсан. Жишээ болгож 2003 онд Ираны Бам хотын 6.3 баллын газар хөдлөлтөд 35 мянган хүн амь насаа алдаж байхад, нэрийг нь мартаж, газарзүйн ижил нөхцөлтэй АНУ-ын нэг хотод мөн 6.5 баллын газар хөдлөлтөд нэг ч хүн нас бараагүй, энэ бол стандартын ялгаа гэж байв. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийг боломжит хүчийг тэсвэрлэх стандартгүй барилгууд нурж хүний амь насыг хөнөөдөг, тэсвэрлэх стандарттай нь амь авардаг байна. Манай барилгууд ихэнхдээ 8 баллыг тэсвэрлэх чадвартай л гэдэг, тийм л байгаасай. Манайд 1957 онд Говь-Алтайд 8 магнитуд билүү, маш хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барсан гэдэг санагдаж бна. Гамшиг үүгээр л дуусаасай. Тэр үед энэ нутагт өндөр байшин барилга байгаагүй нь аз. Мөн ноднин энэ бүст буюу ГА-н Тохил сумын нутагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт ахин бүртгэгдсэн. 1957 оноос хөгжөөгүй, хойш энэ бүст барилгажилт яваагүй байсан нь бас л аз юм даа.