Ерөнхийлөгч Х.Баттулга "Оффшорын асуудлаар" өчигдөр МҮОНРТ-д ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Та сүүлийн үед телевизээр монгол бичгээ заагаад, таны тэр үйлдэл хүмүүсийн сонирхлыг нэлээд татаж байх шиг байна. Хэл ам ч бас дагуулж байна. Ер нь монгол бичиг заах чинь таны Ерөнхийлөгчийн албан тушаалд багтдаг юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх зүйл бий. Урьдны Ерөнхийлөгч нар морин хуур залах, Монголын нууц товчоо"-г залах зэрэг ажлыг хийж байсан. Түүний нэг хэлбэр нь юм уу даа. Бидний хувьд кирилл бичгээр сурч боловсорсон. 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод "Тэнгэрийн бичиг" нэртэй хүүхэд залуучуудын уран бичлэгийн уралдаан дээр очиж шагнал гардуулсан юм. Өмнөд Монгол болон Буриадын иргэд маань ирээд энэ уралдаанд оролцдог. Тэнд би цаг гаруй юу бодсон гэхээр хэн нэгэн хүүхэд босч ирээд та монгол бичиг мэдэх үү гэж асуувал би юу гэж хариулна аа гэсэн бодолтой байсаар тэр тэмцээн дуусч байх жишээтэй. Ингээд өөрөө хичээгээд хоёр, гурван сарын хооронд ямар ч байсан монгол бичгээ сурсан. Ерөнхийлөгчийн хувьд үндсэн соёлоо түгээх ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдсэн. Мэдээж янз бүрээр хэлэгддэггүй улс төрийн албан тушаалтан гэж байхгүй.
-Дэлхийн нийтээр цар тахлын аюул дэгдээд жил гаруй болж байна. Нэг талаасаа ард иргэдээ өвчин аюулаас сэргийлэх, хамгаалах ажил байгаад байдаг. Нөгөө талаас эдийн засаг нь уначих гээд байдаг. Иргэдийн амьжиргаа дордоод байдаг зовлон байх юм. Үүнийг та юу гэж харж байна?
-Би хараад, дүгнээд байх нь хаашаа юм. Дэлхий даяараа аюулт өвчинтэй тэмцээд жил болж байна. Бидний хувьд өнгөрсөн жилийн өдийгөөс хилээ хаагаад дэлхий нийтэд гарсан өвчнөөс сэргийлэх зорилгоор янз бүрийн арга хэмжээ авч байна. Арга хэмжээ авахаас ч өөр аргагүй. Эргээд яахав эдийн засгийн цусны эргэлт зогсчихож байгаа юм. Хөгжилтэй, эдийн засаг нь эрүүл улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд нэлээд хүндрэлтэй бүтэн нэг жилийг даван тууллаа. УОК, Засгийн газар, ҮАБЗ тодорхой арга хэмжээг шуурхай авсан гэж ойлгож байгаа. Одоо бид амьжиргаа орлогын асуудалтай нүүр тулж байна. Мөнгөгүй, төгрөггүй байна гээд суугаад байж болохгүй л дээ. Энэ тал дээр миний хувьд хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. Нөхцөл байдал цаашаа улам хүндэрнэ. Тиймээс оноос өмнө төсвөө тодотго гээд хориг тавьсан боловч олонх хүлээж аваагүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсоогоод эргээд энэ мөнгөнийхөө хуримтлалыг сөрөг болоод байгаа ААН-үүд рүүгээ оруулаач гэх санааг хэлсэн. Салхитын мөнгөний ордыг ярих хэрэгтэй байх. Тухайн үед иргэдтэй уулзаад явахад хамгийн их санал хэлж байсан нь тэтгэврийн зээл байсан. ҮАБЗ-өөр оруулаад боломжит нэг хувилбар байна. Салхитын мөнгөний орд хууль зөрчсөн, авлига хээл хахуультай холбоотой учраас үүнийг эргэлтэд оруулж иргэдийнхээ зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг чөлөөлөхөөр болсон. Эргэлтэд оруулна гэдэг бизнес утгаараа тодорхой хэмжээний бонд юм уу үнэт цаас гаргаад тэрүүгээр банкин дээр байгаа өрүүдийг худалдаж аваад борлуулалтаараа төлчихөж байгаа юм. Жишээ нь, цар тахал гарсан тохиолдолд ахмад настнуудад асар их дарамт болох байсан. Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван гишүүн зөв шийдвэр гаргасан байна гэдгийн баталгаа. Бусад орны туршлагаар нэг сая хүртэлх төгрөгийг өрхийн орлогод төлөвлөе. Найман зуун мянга нь тодорхой үнэт цаас буюу ваучер, 200 мянга нь бэлэн мөнгө байя. Нийт 900 гаруй мянган өрхийг дэмжихээр ваучер нь худалдан авалт болоод ирэхээр дотоодын үйлдвэрлэл дэмжигдээд тэнд ажлын байруудаа хадгалж үлдэх боломжит хувилбар юм.
-Та сая хэллээ. 900 мянган өрхөд ваучераар 800 мянган төгрөг, бэлнээр 200 мянган төгрөг өгнө гэж байна. Гэтэл Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа. Та энэ хуулийнхаа төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөвт мөнгө байхгүй байхад үүнийг яаж шийднэ гэж харж байна?
-Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм. Хэн төсөвтэй байлгах ёстой юм. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм. Энэ бол Засгийн газар, Сангийн яамны менежмэнтийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэх зөвлөмжийг өгмөөр байгаа юм. Оффшор дахь мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тийм хуультай. Тэгэхээр Монголбанкинд данс нээгээд оффшороос оруулж ирсэн мөнгийг байршуулаад Монголбанк ваучерыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байна. Мэдээж УИХ дээр хэлэлцэгдэх үед асуудлууд тодорхой яригдах байх. Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй ш дээ. Оффшор дахь мөнгийг оруулж ирж байгаа ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явж байгаа.
-Зарим эх сурвалжууд оффшор дахь мөнгө орж ирээгүй, тийм зүйл байхгүй гэх зүйлс ярьж байна лээ.
-Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нууц мөнгөө үзэхээр тэр нь байгаад байгаа болохоор байна гэж яриад байгаа байх. Өрх гэр ажилгүй, төрөлгүй, мөнгөгүй байгаа нь өрх гэрийн эзний буруу биз дээ. Тэгэхээр Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй. Бид чинь асар их баялагтай орон.
-Тэгэхээр оффшор дахь мөнгө шууд Монголбанкны данс руу орох юм байна тийм үү?
-Монголбанк руу оруулаач гэдэг УИХ-ын тогтоол өргөн барилаа.
-Сангийн яам, улсын төсөв рүү орохгүй нь гэж ойлголоо.
-Тийм. Тиймээс урьдчилж тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм. Хулгайлагдсан мөнгө орж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөөд байж болохгүй. Харин өнөөдөр тулгамдаж буй цар тахалтай холбоотойгоор гарч байгаа асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой монголчуудын өөрсдийнх нь мөнгө.
-800 мянган төгрөгийн ваучер ямар зорилготой юм бэ?
-Азийн орнууд цар тахалтай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ваучер олгосон. Эрээний барааны худалдан авалт хийлгэхгүйгээр зөвхөн дотоодын үйлдвэрийг дэмжих зорилготой. Энэ тал дээр худалдаа аж үйлдвэрийн танхимтай ажиллаж бүх судалгаануудыг гаргасан.
-Та оффшороос мөнгө оруулж ирнэ гээд байдаг. Таныг оффшорт өөрийнхөө мөнгийг нуусан гээд яриад, бичээд байх юм?
-Миний хувьд бизнесийн салбараас ирсэн хүн. Би мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Би ч өөрөө олохгүй схемийг сүүлийн 10-аад жил гаргаж ярьдаг юм. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч үүнийг ярьж байсан. Яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал хүндрээд ирэхээр ярьж байгаа болов уу гэж бодож байгаа. Тухайн үед нь би тоогоогүй. Гаргаж ирж ярьсан хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай гэж хэлье.
-Таны хамаарал бүхий ААН-үүд өр зээлийнхээ баримтыг устгадаг гэх зүйл яригдах юм?
-Би үүнийг сонсоогүй юм байна. Санхүү, нягтлан гээд хүмүүс нь зөндөө байгаа. Надад хувийн компани байхгүй. Би дандаа хувьцаат компанитай. Тэдгээр компани төлөөлөн удирдах зөвлөлтэй, санхүүтэй байдаг. Орчин үед ААН-үүд өр ширээ устгадаг зүйл байдаг юм уу. Ямар дээр үе байгаа биш дээ.
-Саяхан хүүхдийн төлөө фонд байгуулагдсан. Та ч үүнийг нэлээд дэмжсэн. Нэлээд хэмжээний мөнгөн болон эд материалын хандив цугларсан. Тантай холбоотой байдаг хүмүүс хүүхдийн төлөө фондыг байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас таныг сонгуульдаа бэлдэж байна гэж хардаад байх шиг?
-Юуг нь харддаг юм. Бид 30 жилийн турш Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийгээгүй. НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас л хөрөнгө мөнгөтэй холбоотой бага зэргийн дэмжлэг авдаг. Одоо сүүлдээ шашны байгууллагууд орж ирж хүүхдүүд дээр менежмент хийгээд эхэлсэн. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их зүйл хийгддэг байсан. Хүүхдийн хөгжмийн зохиолч, номын зохиолч, зураач гэж байлаа. Одоо бид хүүхдийн төлөө гэх бүх зүйлээ устгасан. Үүн дээр судалгаа хийгээд “Хүүхдийн төлөө фонд” гэж байж, үүнийг сэргээе гэж ТББ-ууд санаачилга гаргажээ. Энэ саналаа Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан. Соёлын яам нь дэмжжээ. Хүүхдийн төлөө зүйл хийхээр эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаж байна. Хүүхдийн төлөө юм хийхэд эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэж таарах юм байна гэсэн ойлголтыг авсан. Маш их мөнгө цугласан байна лээ. Энэ түүхэндээ анх удаа байх. Би маш талархаж хүлээж авсан. Тэр байтугай ҮАБЗ дээр хүүхдийн, Монголын ирээдүйн тухай авч хэлэлцээсэй, энэ фондыг удирдаж яваасай гэсэн бодолтой байгаа. Эмзэглээд байх сэдэв биш. Хүүхдийн төлөө юу ч хийхгүй байгаа нь л эмзэглэх сэдэв. Бид ийм эмгэнэлт байдалтай тулж иржээ гэдгийг л харсан.
-ҮАБЗ Үндсэн хууль, шүүхийнхээ дээр гарчихлаа. ҮАБЗ-өөр далимдуулаад эрх мэдлээ тогтоох оролдлогууд хийж байна ч гэх юм. Ер нь ҮАБЗ-ийн гишүүд өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллаж чадав?
-1992 онд батлагдсан Үндсэн хуулиас хойш ҮАБЗ буюу төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг. Үе үеийн төрийн өндөрлөгүүд хоорондоо зөрчилтэй байдаг байсан. 2017 оноос хойш одоогийн байгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудаар маш олон удаагийн уулзалт, хурлуудыг хийсэн. 2017 оноос хойш л гэхэд ҮАБЗ 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байна. Гэтэл 2009-2017 оны хооронд 25 удаа хуралдаж. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жил бол бидэнд олдсон, оносон, алдсан зүйл нь юу байв гэдгийг дүгнэхүйц хугацаа юм. Өнөөдөр ҮАБЗ-өөр хэлэлцэхгүй байх болов уу гэх асуудал байхгүй болсон. Шашин хоорондын болоод газар нутгийн асуудал, сая ярьсанчлан хүүхэд, монголчуудын ирээдүй, эдийн засгийн тухай ярьдаг. Сангийн сайд нь яагаад төсөв, мөнгөгүй гэж ярьдаг болчихсон юм. Уул уурхай гэж 20-иод жил ярьж байгаа хэрнээ ашиг шим нь хаашаа ороод байгаа юм. Яагаад баян хоосны ялгаа их болов, яагаад үйлдвэр ажиллуулсан хүн өрөнд идэгдэж, өтөнд баригддаг юм гэх зэрэг асуудлууд дээр санал нэгдэн, шийдэж байгаа. ҮАБЗ-ийн хоёр гишүүнд талархаж явдаг.
-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш АН-ын үйл ажиллагаа дотоод хэргээс нэлээд хөндийрсөн.
-Хуулиараа тийм юм.
–Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар та Ардчилсан намаас нэр дэвших үү?
-Ардчилсан нам хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ хуралдаж, олонхоороо шийдвэрлэдэг. Тэр зарчмаараа л явна.
-Та Ардчилсан намаасаа нэр дэвшинэ биз дээ?
-Процессоороо яваад л шийдэгдэх байх.
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хэд хэдэн баривчилгаа болсон. Шинэ оныг нэлээд хэдэн Ерөнхий сайд, сайд асан хүмүүс шоронд өнгөрөөлөө. Энэ баривчилгааны ард таныг байгаа, зохион байгуулалтад нь оролцож байна гэх юм?
-Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаа хийгээд байх ямар ч боломжгүй. Ерөнхийдөө Авлигатай тэмцэнэ гэдэг асуудлыг олон жил ярьсан. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс тодорхой хугацаанд асар их баяжаад зүгээр яваад байдаг. Ийм зүйлд бид дасах тал руугаа яваад байгаа. Хэвийн үзэгдэл шиг болчихоод байна. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвших үед Авлигатай тэмцэх асуудал асар их хүлээлттэй байсан. АТГ-т мөрдөх ажиллагаа явуулаад прокурорт танилцуулаад, прокурор мөрдөх ажиллагаан дээр нь саналуудаа хэлээд шүүх рүү очдог. Энэ тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхад л энэ ажил цааш явдаг болов уу.
-УИХ дээр Үндсэн хуулийн 12 дугаар дүгнэлт хэлэлцэгдэж байгаа. Энэ дүгнэлтээр хууль ёсоороо таны хэлээд байгаа албан тушаалтнуудын, цагаан захтнуудын хэрэг гэгчээр хэд хэдэн хүн чөлөөлөгдөхөөр байгаа.
-Хуулийн гарцыг нь олоод харчихсан юм билээ л дээ. Хууль ёсоороо тийм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол маш олон хүн хөөн хэлэлцэх хугацаагаараа суллагдах юм билээ. Олон улсын Авлигын конвенцид авлигатай холбоотой хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй гэдэг. Гэхдээ дээрх асуудлыг нийгэм хүлээж авахгүй л дээ. Учир нь иргэдээсээ сонгогдож албан тушаалд гараад асар их баяждаг байдал өнөөдөр иргэдийн бухимдлыг хүргэж байгаа. Тиймдээ ч дээрх асуудал явахгүй болов уу гэж бодож байна.
Сая АТГ-ын даргыг сонгох эрхийг Ерөнхий сайдад олгосон нь маш буруу үйл явдал болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа концессийн гэрээгээр огцруулж байсан. Засгийн газрын гишүүд нь томоохон концессийн гэрээнүүдийг авчихсан. Хэрвээ Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй хүн АТГ-ын даргыг сонгоно гэдэг сайд нарт авлига авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ нам дандаа эрх баригч, олонх байхгүй. Хэзээ нэгэн цагт сөрөг хүчин олонх болно. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.
-Та төмөр замтай нэлээд холбогддог. Хэд дэх Ерөнхий сайд дээр энэ төмөр зам яригдаж байна вэ?
-Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2010 онд УИХ-аар төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бодлого ярих ёстой. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд багагүй зовлон үзсэн. Бараг 10 жил хэдэн олигархи бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан. Одоогийнх бол бараг долоо дахь Ерөнхий сайд нь байх. Тэрээр энэ ажлыг маш хурдан эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800-гаад км төмөр замыг барьсан. Барьж болж байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Манайх шиг далайд гарцгүй, ийм том хуурай газар нутагтай улсын хувьд төмөр зам бол эн тэргүүний асуудал. Энэ төмөр зам баригдсанаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.
-Төмөр замаа барьчихлаа. Гэтэл төмөр замаар зөөх юмгүй болчихсон юм биш үү?
-Төмөр зам бариулахгүй гэж 10 жил үзсэн. Барьж чадчихаар нь ачих юмгүй гэж хэлж байна. Говийн, баруун, зүүн бүсийг холбосон төмөр замаар зүүн Ази руу, далай руу гарна. Төмөр замын 100 км-ийн радиус дотор нийтдээ 160 гаруй ордууд байх жишээтэй. Энэ ордуудаа бид боловсруулах юм бол өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого болох юм. Үндсэн хуульдаа бид газрын доорх баялаг ард түмнийх байна гээд заачихсан. Товчхондоо үүнийг л хэрэгжүүлэх гэж яваа хүн шүү дээ.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН