Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өчигдөр 11,800 хүнд шинжилгээ хийж 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 5 нь БЗД-ийн голомтот халдвараас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд илэрсэн байна.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,069 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 584 хүн эдгэрээд байгаа бол 476 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-414
- Хүндэвтэр-55
- Хүнд-4
- Маш хүнд-3 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд өчигдөр 2,678 эрүүл мэндийн ажилтан ажиллав. Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх оношилгооны цэгээр 416,344 хүн шинжилгээ хийлгэсэн байна.
ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийт 654 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй 716 жолоочид шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд нийтдээ 4,784 хүн холбогдож мэдээлэл авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 180 хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авжээ” гэв.