УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Маш том шинэчлэлийн хууль орж ирж байна. Маш том шинэчлэл, зоригтойгоор хиймээр байна. Засаг захиргааны нэгжийн асуудлаа одоо ярья. Яаж нэгтгэх вэ. Тэгэхгүй бол улс хөгжихөө байчихаад байна. Баахан хуульчид орж ирээд, хууль яриад байдаг. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжихгүй, сүүлийн 10 жилд 10 тэрбум ам.доллар дээр гацчихаад байгаа. Төсөв нь аравхан хувийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хоёр, гурван жилийн дараа ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болохын нэг шалтгаан 330 сум, 21 аймаг болчихоод байна. Оросын нэгдэлжих, сангийн аж ахуй дээр үндэслээд 330 хуваачихсан. Одоо тэр сум нь 2000, төв нь 500-хан хүнтэй. Тэр суманд дээрээ орон сууцны контор соёлын төв, музей барьдаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьдаг. Энэ байдал Монгол Улсыг хөгжүүлэхгүй хойш татаад байна. Тиймээс 330 сумаа нэгтгэе. Ажлын байр бий болгоё. Зөвхөн төсвөөс цалин тавихад худалдаа арилжаа хийгддэгээс өөр юу ч байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд ямар ахиц байна? Нутгийн өөрөө удирдах ёс гэж ярьдаг. Засаглах эрх нь орон нутгийнхаа хүмүүст байна уу? Эсвэл дээрээс хэн нэгэн дарга чиглэлээ өгөөд томилж байна уу? УИХ-ын гишүүн дахин сонгогдохын тулд шаардлагагүй бүтээн байгуулалт барьдаг байхаас илүү ард иргэд нь юу хэрэгтэй байгаагаа шийддэг баймаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Энэ хуулийг өөрчилж байгаа концепцын гол хэсэг бол энэ. Нэгжийг нэгтгэх, томруулах байдал нэмэгдэнэ. Ажлын хэсэг дээр яриад, ямар заалт нэмж болох вэ гэж ярьсан. Төслийн 13.2 дахь хэсэгт нэгжийг өөрчлөхдөө өмнө нь иргэдэд үйлчилж байсан үйлчилгээг дордуулахгүй байна гэж зааж өгсөн. Сүүлийн 30 жилд дэлхийн улс орнуудад засаг захиргааны шинэчлэл явсан. Засаг захиргааны шинэчлэлийн хөтөлбөр нь үндсэн хоёр чиглэлийг хамаарч байгаа. Манайд харамсалтай ийм өөрчлөлт хийгдээгүй байгаа. Бид энэ хуулиар шууд нэгжийг нэгтгэх асуудлыг шийдэхгүй. Гох, дэгээ байлгахгүй байх. Тэр боломжийг УИХ, Засгийн газарт олгоно. Төсөв хөрөнгийн тал дээр том өөрчлөлт хийж байгаа. Манай ажлын хэсэгт Сангийн яамны мэргэжилтэн ороод ажилласан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутаг авна. Энэ 2022 оноос мөрдөгдөнө. Өмч, төсөв, татвар байгаа. Хот, тосгоны асуудал бас орж ирж байгаа. Энэ хуулийг баталснаар 2021 онд төсвийн маш том бэлтгэл хийх хэрэгтэй болно.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлнэ гэж хуулийн төсөлд заасан байна. Нийтийн дундаас сонгуулийн зарчмаараа явж байгаа тохиолдолд хэр нийцэж байгаа вэ? Мөн хувь хүний нууцыг задруулбал чөлөөлнө гэж заасан. Энэ харьцангуй ойлголт болж магадгүй шүү. Иргэдийн олонхоор эргүүлж татна. ИТХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол Засгийн газар тараана гэсэн байна. Засгийн газар төлөөллийн байгууллага биш шүү дээ. ИТХ-ын даргыг хуучин чөлөөлөх гурав, дөрвөн заалт байсан. Байхгүй болсон байна. Хамгийн гол асуудал нь төсвийн асуудал байдаг юм даа. Төсөв дээр ямар дэвшил хийсэн бэ. ИТХ-ыг ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Төсвийн асуудлыг сууриар нь зөв болгож байгаа. 28 жил болж ирсэн хуулийн гол сул тал нь төв орон нутгийг зааглаагүй байдал. Энэ чиг үүргийг зааглах явдал байсан. Орон нутгийн чиг үүргийг тодорхойлохоор төрөөс үүрэлцэх чиг үүрэг гэж хуваасан. Үүнээс эхлээд төсөв, томилгоог шийдэх боломжтой болно. Чиг үүргээ дагасан төсвийн томилгооны чиг үүрэг явна. НИТХ-аас дүүргийн ИТХ-ыг бүрдүүлэх заалтыг хасах саналыг хүлээж авсан. Хувь хүний нууцыг задруулах асуудал манай хүмүүсийн хүлээх үүрэг. Эргүүлэн татах асуудал байгаа. ИТХ тухайн иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. Тиймээс эргүүлэн татах, хариуцлагажуулах асуудлыг оруулж өгч байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.