Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.
Тэднийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг арваннэгдүгээр 25-ны өдөр дахин эхлүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ мөрөн дээрх бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т) Сэлэнгэ мөрний усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Өнөөдөр буюу арваннэгдүгээр 26-ны өдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ