Өнөөдөр /2023.09.07/ Булган сумын харьяат, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Г.Ганхуягийн "МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА" цолны мялаалга наадам боллоо.
Г.Ганхуяг нь 2021 онд аймгийнхаа баяр наадамд барилдаж "СУМЫН ЗААН"-аас "АЙМГИЙН АРСЛАН" цол хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж аймгийн цолноос "УЛСЫН ХАРЦАГА" цолонд хүрсэн билээ. Цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцлоо.
Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэж "ХҮНДЭТГЭЛ" үзүүлэв.
Мөн уран хурц, зоримог дайчин барилдаанаараа наадамчин олноо баясгаж дээд цолонд хүрэхийн ерөөл өргөлөө.
Ховд аймгийн Булган сумын уугуул, "Монгол Улсын харцага", Чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер Г.Ганхуяг аав А.Ганбаатар, ээж М.Атарбаяр нарын хамт
Монгол Улсын харцага цолтон, үеэлүүд Н.Батзаяа, Г.Ганхуяг нар
Эх сурвалж : Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар