Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Сүүлийн хоногт 18 лабораторид 14,218 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 481 хүнээс халдвар илэрсэн. 481 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 7,533 болж байна. Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 124 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,486, хүндэвтэр 250, хүнд 31 нэн хүнд 11 хүн байна. 25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай.
Албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай байна" гэв.