Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 11183 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 127 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Тодруулбал, бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 126 бүртгэдсэн бол нийслэлээс Архангай аймагт очсон нэг хүнээс халдвар илэрчээ. Шинээр халдварт өртсөн хүмүүсийн 123 тохиолдол нь ойрын хавьтал бол дөрвөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,
- Баянзүрх дүүргийн 26, 27 дугаар хороо
- Баянгол дүүргийн 11 дугаар хороо
Сүүлийн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. Өнөөдрийн байдлаар 1014 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 917 хүн хөнгөн, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байгаа.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:
-Гуравдугаар сарын 15-ны 21 цагийн байдлаар нийслэл хотод нийт 40 цэгээр 74 багийн 561 ажилтан 13381 хүнийг дархлаажуулалтд хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 126449 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Энэ нь зорилтод бүлгийн 6 хувийг эзэлж байна. Өнөөдөр 41 цэгт 95 багийн 671 ажилтан 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тааруулан дархлаажуулалтад хамруулах хүмүүсээ эрэмбэлж ангилдаг. Тодруулбал,
- Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд
- Халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын алба хаагчид
- Халдварт өртөж, хүндрэх эрсдэлтэй насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан
- Боловсролын салбарын алба хаагчид гэх зэрэг ажилчдыг эрэмбэлж вакцинжуулж байна.
Одоогийн байдлаар эмч, ажилчдын 96 хувийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн хариу арга хэмжээнд ажиллаж байгаа бусад салбарын алба хаагчдын 98 хувь, боловсролын байгууллагын багш, ажилчдын 48 хувийг вакцинжуулсан.
Монгол улс насанд хүрсэн хүн амаа дархлаажуулсан үзүүлэлтээрээ дэлхийд 17 дугаар байранд жагсаж байна.