ҮАБЗ-ийн ажилтнууд болон өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан хаагчид хамаардаг. ҮАБЗ-ийн ажлын албаны албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтэрч, их хэмжээний мөнгө оруулж ирсэн мэдээллийг ил тод болгох ёстой. Энэ хүмүүст дипломат эрх ямба бий юу, тусгай чиг үүрэг гүйцэтгэх эрхтэй юу?
Хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн үү үгүй юу? Манай улсын үндэсний аюулгүй байдлын чиг зарчмыг хангадаг хүмүүс улсын хилээр ямар бараа материалтай орж ирэв? Хонгилынхон амь бөхтэй оршиж байна гэсэн мэдээлэл байна. Ингэвэл хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэж ярихад хэцүү болно. Ардчилсан улсад хүнийг эрүүдэн шүүж, ял тулгаж болохгүй. Яагаад ийм олон мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байхад хуулийн байгууллага шалгахгүй байна вэ? Тиймээс бид ҮАБЗ-ийн ажилтнуудтай холбоотой асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын даргад хүргүүлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Хэрэг төлөвлөдөг, шүүгч, прокуроруудыг нэг дор цуглуулж, тусгай уулзалт зохион байгуулдаг нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй байна. Энэ талаар Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд мэдээлэл хийсэн. Мөн Ариг банктай холбоотой, хүний хувийн өмчийг дээрэмддэг асуудал харагдсан. Хувь хүн өөрийн өмчөө хууль хяналтын байгууллагад дээрэмдүүлнэ гэдэг нь байж болшгүй асуудал. Шударга ёсыг тогтоох гэж шүүхийн реформ хийсэн. Гэтэл хонгил нэг эзнээс нөгөө эзэнд шилжээд байгааг тэвчиж болохгүй. Яагаад ийм ноцтой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байхад цагдаа болон АТГ дугарахгүй байгаа юм. Энэ тал дээр бид анхаарч, хөөцөлдөж ажиллана" гэв.