“Үндэсний номын баяр”–т оролцогчдын идэвх оролцоо жилээс жил өргөжиж байна. Энэ жилийн номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт зохиолчид болон ном хэвлэлийн компаниуд оролцож өөрсдийн гаргасан ном бүтээлээ уншигч түмэндээ өргөн барьж байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд гадны олон зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд шинэ номоо монголын уншигч олонд дэлгэн тавьжээ.
34 дэх удаагийн номын баярт хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардууллаа.
“Мэргэн ном” шагналын “Номын ертөнцийн гавьяатан”-аар Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийг тодрууллаа.
“Онцлох ном”-оор зохиолч Цэвэгжавын Ганболд “Шувуу зүүрмэглэх зуур” тууж шалгарч, “Шилдэг уншигч” шагналыг утга зохиол судлаач Балдоржийн Алтанхуяг хүртсэн юм.
Энэ удаагийн номын баярт МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр шинэхэн номтойгоо уншигч түмэнтэйгээ учран золгож байгаа нь анхаарал татлаа. Тэрээр өөрийн амьдралын замнал хийгээд хоёр улсын хооронд харилцаа, үүх түүхээ номын хуудсанд буулгажээ.