Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай эмч, эмнэлгийн ажилтнууд маань нойр, хоолоо умартан ажиллаж байгаа. Танай төвийн хувьд энэ хүнд үед хэрхэн ажиллаж ирэв?
-Юуны өмнө хан-уулчууддаа, уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилчиддаа ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, цар тахлыг даван туулах цаг хугацаа удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлмээр байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг “Коронавируст халдварын төлөвлөгөөний” тодотгол хийж батлуулснаар бидний үйл ажиллагаа COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандан судлах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хандсан. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот тушаалаар Гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн. 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн гамшгаас хамгаалах албаны штабын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай А/18тоот, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний А/32 тушаалаар хариу арга хэмжээг зохион байгуулах шаардалагатай тушаал, журмуудыг боловсруулан гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
-Сүүлийн үед эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа. Танайд хэр байна?
-Дэгдэлтийн байдал өвчлөлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, тархалтын цар хүрээг тодорхойлсон. Дүүргийн Засаг даргын А/489 захирамжаар 45 төрийн албан хаагчийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томилон ажиллуулсан нь эмч, ажилчдын ачааллыг бууруулж үндсэн ажлаа хийх боломжийг хангасан. Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийг байгуулж Дүүргийн онцгой коммисын гишүүн, дүүргийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн төвөөс Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга нар ахлаж, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Дүүргийн онцгой комиссоос тандалт хариу арга хэмжээнд 11 автомашиныг түрээсээр авч дайчлан ажиллуулсан нь иргэдийг эмнэлэгт шилжүүлэх, шинжилгээг яаралтай зохион байгуулахад том нөлөө үзүүлсэн.
Коронавирусын халдварын амбулаторийг таван цэгт нээн ажиллуулж байгаа нь иргэдийг нэг дор бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн үр дүнтэй арга, аргачлал болсон.
Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулахад ПОС төхөөрөмж ашиглан бүртгэлжүүлэх санал санаачилгыг гаргаж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар COVID-19 халдварын хариу арга хэмжээний үед цахим шилжилтийг эрэлхийлээс өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Иймээс 119.mohs.mn, eruul.gov.mn, tandalt.gov.mn программ хангамжийг үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн. Тандалтын программ хангамж дээр мэдээллийг бүрэн оруулсан байдлын мэдээг өдөр бүр нэгтгэж, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж хэвшсэн.
-Ингэж ажилласнаар ямар үр дүн гарав?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчдын ачаалал буурч, үндсэн тусламж үйлчилгээ болон гэрээр эмчлэгдэж байгаа батлагдсан тохиолдлын хяналт, тусламж үйлчилгээ сайжирсан.
Коронавирусын батлагдсан тохиолдол ихтэй IV, XV,XVI, XIX хороонд COVID-19-ийн амбулаторийг нээснээр COVID-ийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй болон сэжигтэй тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээг үндсэн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдээс тусгаарлан халдварын тархалтыг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн.
-Өнөөдрийн байдлаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тун буюу гуравдугаар тунгийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургууль зарим байгууллага аж ахуйн нэгжүүдтэй холбогдон явуулаар дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Дүүргийн НБХ, МХХ-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран дотуур байртай их, дээд сургуулиудын оюутны дотуур байр хариуцсан удирдлагууд болон эмч нарт коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чиглэлээр сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө. Шадар сайдын энэ сарын 8-ны өдрийн 104 тоот тушаалаар баталсан Үнэлгээ хийх аргачлалын дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд коронавируст халдварын хариу арга хэмжээний чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа зааврын дагуу явцын үнэлгээг хийж тайлангийн хамт Улсын онцгой комисст хүргүүллээ. COVID-19 цар тахлын эсрэг “Хан-Уул дүүргийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт 28 хоногийн сургалтыг Эрүүл мэндийн төвийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн ажилтнууд, тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн эмч, ажилчид дайчлагдан ажиллаж байгаа. Төрийн албан хаагчид, СДИ дунд энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулан явуулж байна. Энэ боломжийг ашиглаад Дүүргийн онцгой комиссын удирдлага, хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье.