Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн нэгдэж, “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн нээлтэд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн нийт 3000 гаруй алба хаагч оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, алба хаагчид болон хорих, хорихоос өөр төрлийн ял эдлэгсэдийг тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж байна.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар байгаль, экологи, хүний эрүүл мэндэд үр ашигтайгаар, үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутгийн анги, салбар нэгжүүд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хангасан бөгөөд энэ хаврын мод тариалалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 410,829 ширхэг бургас, улиасны харандаан үрсэлгээг орон нутаг болон хотын бүсийн 47,2 га талбайд тарихад бэлэн боллоо.
Мөн мод, жимс, жимсгэнэ тарих, тариалалт хийх газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, хорих ангиудыг түшиглэн мод, жимс, жимсгэнэ, үрсэлгээний судалгаа, үржүүлэлтийн түшиц газрыг бий болгох зэрэг бусад чиглэлээр БОАЖЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ оны нэгдүгээр сард ХААИС-ийн Агроэкологийн сургуульд ойжуулалтын чиглэлээр алба хаагчдыг 14 хоногийн сургалтад хамруулж, суралцагчдад гэрчилгээ олгоод байна.
Хөтөлбөрийн хүрээнд хорих ял эдэлж буй хоригдол болон хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтнуудыг мод тарих үйлсэд татан оролцуулж, эх дэлхийтэйгээ ойр байх, нийгэмших, нийтэд тустай ажил хийх боломжоор ханган ажиллахын зэрэгцээ 1170 хоригдлыг “Ойжуулалт, Агро-Ойжуулалт, “Таримлын агротехнологи”, “Усалгаа”, “Бордоо”, “Ургамал хамгаалал”, “Арчилгаа”-ны чиглэлээр цахим сургалтад хамруулсан. Цаашид үргэлжлүүлэн давтан сургалтад хамруулахаар салбар яам болон бусад мэргэжлийн байгууллагуудтай тууштай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.