Хөвсгөлийн Ханх суманд 20 минутын өмнө дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга З.Баасансүрэн “Ханх суманд өнөөдөр 05.30 цагт хүчтэй газар хөдлөлт болж, бүх айл өрхөд мэдэгдсэн. Сумын тамгын газар, цэцэрлэг, сургуулийн барилгын хананд цууралт үүссэн. Өглөөнөөс хойш таван магнитудаас дээш найман удаагийн давтамжтай хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Сумын Онцгой комиссоос ард иргэдэд аюулгүй байдлаа хангах талаас нь зөвлөмж өгч, албан хаагчдаа тараагаад байна.
Сумын Засаг даргын Тамгын газар энэ жил хоёр давхар шинэ байранд орсон байсан. Саяхан 20 минутын өмнө маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, алба хаагчид байрандаа ажиллах боломжгүй боллоо. Одоогийн байдлаар хоёр давхар сургууль, цэцэрлэгийн барилга, захиргааны байр гээд гурван объектын хана цуурсан.
Тиймээс сумын удирдлагууд Шуурхай штабынханыг нэг давхар байр руу нүүлгэн шилжүүллээ. Сумын иргэд айдастай байна. Ханх сумын зүгээс тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэхдээ иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байх тал дээр сумын Шуурхай штаб ажиллаж байна. Яг одоо хүчтэй газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол тооцох үйл ажиллагааг хийж байна” гэлээ.
НЭМЭЛТ: “Ханх суманд сургуулийн барилгад ан цав гарсан гэх дуудлага ирсэн
”Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөвсгөл аймагт өглөө 05.32 цагт 51:21:136 кординат дээр эхний газар хөдлөлт боллоо. Тэрнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна.
Тус суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Шуурхай штабынхан үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймагтай залгаа байрлах Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Улаанбаатар хот гээд олон газруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа” гэлээ.