ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Манай улсад коронавирус халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш лабораторид суурилсан тандалт судалгааг тасралтгүй хийж байна. Хүн амын дунд халдварыг илрүүлэх, халдвартай хүний хавьтлыг олж тогтоох, эмнэлэгт хэвтэж байгаа иргэдэд тандалтын судалгааг тасралтгүй хийж байгаа. Манай улсад хийж байгаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ нь чанарын шаардлага хангасан бөгөөд ДЭМБ болоод бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийж байгаа.
Түрүүчийн удаа бүх нийтийн бэлэн байдал зарлахад Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутагт буцаж чадахгүй саатсан иргэдийн асуудлуудыг шийдэхийн тулд Засгийн газар, УОК шийдвэр гаргасан. Улаанбаатар хот болон аймаг, сумдын хооронд зорчих иргэдийг шинжилгээнд хамруулсан. Нийслэл болон аймаг орон нутагт суралцдаг оюутнуудыг гэрт нь хүргэх үйл ажиллагааг 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулсан. Энэ хугацаанд 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан бөгөөд нэг цэгт алдаа дутагдал гарсан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эрүүл мэндийн яаманд албан тоотоор урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй, иргэдийн биеийн халууныг үзээгүй зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн албан тоотыг 12 дугаар сарын 01-нд ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа тухай бүрд нь хянаж сайжруулсан. Энэ үйл ажиллагаа 12 дугаар сарын 08-нд дууссан. Өөрөөр хэлбэл сарын өмнөх үйл ажиллагааг цахимаар бичиж байна. Энэ нь буруу ташаа ойлголт юм. Сорьцыг шаардлага хангахгүй түвшинд авсан асуудал нэг цэг дээр гарсан.
Өнөөдрийн байдлаар шинжилгээний цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 19 цэг дээр шинжилгээ авч ажиллаж байна. Цахимаар бичигдэж байгаа асуудал сарын өмнө 100 мянга гаруй иргэнийг хөдөө орон нутагт зорчуулахад нэг цэг дээр гарсан асуудал юм. Шинжилгээний сорьц хөлдсөн асуудал үүсээгүй.