Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас буюу Даваа гарагаас эхлэн 14 хоног хязгаарлах юм байна. Улбар шар түвшний хязгаарлалт улс орон даяар 14 хоног хэрэгжих аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж буй. Улбар шар түвшний энэхүү хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ.
Мөн сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.
Одоогоор сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй" гэв.Улаанбаатар хотоос орон нутгийн иргэд хувийн унаагаараа PCR шинжилгээ өгөөд явах нь нээлттэй, харин орон нутгаас хот руу зорих иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оруулахгүй байхаар зохицуулалт хийгдэнэ.
Даваа гарагаас /2021.03.15/ хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.
"Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийгдэж байгаа. Даваа гаргаас үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.
Оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хязгаарлалт тавьж ажиллана.
Шөнийн цагаар олноор цугларах, архидан согтуурахаас үүдэн гэмт хэрэг болон халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. Өдрийн цагаар ажил, амьдралаа амжуулна.
ААН, үйлчилгээний байгууллагууд тодорхой тоо зааж, журам гаргаж өгсөөр байхад хүний тоо хэтрүүлж халдварын эрсдэл бий болгож байна. Зарим иргэн нэрээ нууж, хулгайн замаар хөдөө очин халдвар тарааж байна. Мөн халдварын эрсдэлтэй орчин нөхцөл байсаар байхад өөрсдийн хариуцлагагүйгээс бусдад халдвар тараах нөхцөл бүрдүүлж байгаа зэргээс үүдэн шөнийн хязгаарлалт тогтоож байгаа. ААН, хувь хүнийг хүндэтгэн нэр усыг зарлахгүй байгаа.
Цаашид ААН болон хувь хүн хэнэггүй, хариуцлагагүй байвал олон нийтэд нэрийг нь зарлана" гэв.
Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотыг гуравдугаар сарын 15-н буюу Даваа гарагаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр дараах 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийхээр болсноо танилцууллаа.
Улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжиж ажиллах юм байна. Спортын клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч үйл ажиллагаагаа явуулна. Харин караокены үйл ажиллагааг хязгаарлаж байна.