ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр даруйд цагдаа, дотоодын цэрэг, хүчний байгууллагын генерал, хурандаа нар бужигнаад эхэлсэн. Ж.Болдын оронд ЦЕГ-ын дарга болох гэж тэр. Хэсэг бүлэг, нутаг нугаараа хэлхэлдээд хэд хоног гүйлээ. Улстөрчид ч дунд нь орчихсон тууж явсан. Ер нь манайхан аль ч салбарт биеэ голохоо больчихоод байгаа юм. Нэг л жишээ нь энэ. Баргийн албан тушаал руу “…Би чадна” гээд л зүтгэчихдэг болсон.
Гэхдээ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын шинэ даргыг томилоход дээрх марафонд идэвхтэй оролцогсдоос томилсонгүй. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг “сонгосон” байна. Ингэж цагдаагийн дээд удирдлага анх удаа 1980-аад оны залуугийн гарт шилжив. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Засгийн газар, Ерөнхий сайд яагаад Т.Сүхболдыг ЦЕГ-ын дарга болгосон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Тэрбээр сүүлийн жилүүдэд ЭЦА-ны гол албан тушаалуудыг хашсан. 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2020 оны долдугаар сараас ЭЦА-ны даргаар ажилласан байдаг. Т.Сүхболд сүүлийн 10 жилийн хугацаанд шалгагдсан эдийн засгийн томоохон хэргүүд дээр ажиллажээ. Захаас нь хэлэхэд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Салхитын мөнгөний ордын хэрэг, нүүрсний хэрэг, койн, Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сан, МИАТ-ийн “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг шамшигдуулсан хэрэг гээд дурдаж болно. Ийм хэргүүд дээр ажиллаж ирсэн, “мэргэжлийн” хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүнийг ЦЕГ-ын даргаар “сонгосон”-ы учир шалтгаан нь энэ бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин