"Хөгжлийн Хурдасгуур Хужирт Сан"-гийн Удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хужирт суманд ирж, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сан нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын боловсрол, эрүүлийг хамгаалах салбарыг дэмжиж, эмч багш нарыг чадавхижуулан, сумын иргэд орон нутагтаа сайхан ажиллаж амьдрах, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ авахад тус дэм үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулж, сумын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Сангийн удирдлагууд Хужирт суманд байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилал, цэвэр усны үйлдвэрлэлийн “Хужирт рашаан сувилал”, “Элма Хужирт”, “Ананд Хужирт”, “Тө Ба Сэ”, “АЖЦДС”, “Хужирт тур”, “Жем Хужирт” ХХК-уудтай хамтран ажиллахаар болж, “Түншлэлийн гэрээ” байгууллаа. Энэ гэрээний хүрээнд эдгээр компаниуд байгалийн нөөц ашигласны төлбөрийн 20 хувьтай тэнцэх санхүүжилтийг санд жил бүр олгох юм. Эдгээр ААН, байгууллагууд сумын боловсрол, эрүүлийг хамгаалах үйлсэд сайн дураар нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн нийлснээр Сан урт удаан хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжит санхүүгийн найдвартай нэгэн эх үүсвэртэй болж байгаа юм.




Санг дэмжин ажиллаж байгаа "Хужирт рашаан сувилал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхжаргал, "Элма-Хужирт" ХХК-ийн захирал Д.Гэрэлмаа, "ТӨ БА СЭ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Лхагвасүрэн, "Жем Хужирт" ХХК-ийн захирал Г.Сэндмаа, “Ананд Хужирт” ХХК-ийн захирал Ж.Баянтогтох нартаа сумын нийт ард, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье гэлээ.