Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн 5, 10 дугаар саруудад Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоодог.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ХЭЛБЭР
Химийн бохирдол: Хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.
Биологийн бохирдол: мал амьтны сэг, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ
Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд гар хүрсэнээр, түүнчлэн тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисноос үүдэн амьсгалын замаар халдвар авна. Үүгээр зогсохгүй гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.
Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Экологийн цагдаагийн алба, Орчины бохирдлыг буруулах үндэсний хороо, Орчны_бохирдлыг_бууруулъя аян