УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоолоо.
Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авах. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрлэгчдийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллах юм.