Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарт оролцож байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг даалгавар өгснөөс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарт энгэрийн тэмдэг, албан тушаалын үнэмлэх гардуулав.
Уулзалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай байгуулах батламжинд гарын үсэг зурж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлээр нэгдсэн ойлголт өгөх, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулна.
Түүнчлэн уулзалт, семинарын үеэр салбарын сайд нар мэдээлэл хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэлэх юм гэлээ.