Монгол улсын ихэнх нутгаар хүйтэрч зундаа гантай байсан аймгуудын сумуудад өвөлжилт ихээхэн хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг шалтгаанаар байгалийн зэрлэг амьтад өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл тулгарч байгаа юм. Иймд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Залуучуудын зөвлөлийн залуус нэгдэж Чандмань, Эрдэнэ хайрханыхаа янгир ямаанд өвс тавьж өгөхөөр аяныг эхлүүлээд байна. Энэхүү аян нь “Ховор амьтдаа хамгаалъя” уриатай 15 хоногийн турш зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр сарын 22-ны өдөр дуусах юм.
“Ховор амьтдаа хамгаалъя” ая зохион байгуулагдаж эхэлсэн өдөр болох нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4 сая 200 мянган төгрөгийн хандив цугларсан. Бид эхний ээлжид энэхүү хандивын мөнгөнөөс 200 боодол өвсний мөнгө болох 3 сая төгрөгийг шилжүүлж Чандмань, Эрдэнэ ууланд графикийн дагуу тараах ажлыг эхлүүлэхээр сумын удирдлагуудтай ярилцаж байна.
Энэхүү аяны хүрээнд цугларсан бүх мөнгийг дөрөвдүгээр сар дуустал янгир ямаанд өвс тавьж өгөхөөр төлөвлөж байгаа юм. Бидний зохион байгуулсан биотехникийн энэ арга хэмжээ зэрлэг амьтдад бага ч гэсэн тус болно гэж үзэж байна. Иймд иргэд маань бидний зохион байгуулсан энэхүү аяныг дэмжиж нутаг орныхоо зэрлэг ан амьтдыг хамтдаа хамгаалахыг уриалж байна.