Ховд аймгийн Жаргалант сумын нэг иргэн өчигдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Тухайн иргэнээс PCR-ийн шинжилгээ авахад, хариу эерэг гарч Ховд аймагт КОВИД-19 халдварын нэг тохиолдол батлагджээ. Тухайн иргэн эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- Гуравдугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах.
- Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 29-ний 22 цагаас дөрөвдүгээр сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
- Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулах,
- Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллах,
- Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгааг Засаг даргын фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.