НҮБ-ын дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид Монгол Улсад ирж ажиллаад Монгол Улсад шүүхээс гадуурх баривчилгаа 98-99 хувьтай байна гэсэн ноцтой дүгнэлт гаргасан.
Энэ нь Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй юм байна гэдэг ойлголтыг олон улсад өгч байна. Тиймээс хүний эрхийн энэ асуудалд нухацтай хандах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд НҮБ-аас өгч байгаа зөвлөмж үнэхээр үнэн бодит байна уу гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгаагаар үүнд хэд хэдэн хууль зүйн асуудлууд нөлөөлж байна гэж үзсэн.
Нэгдүгээрт, шүүхийн зөвшөөрөлгүйгээр хийгддэг хойшлуулашгүй баривчилгаа манай улсын Эрүүгийн процессын хуулиар 48 цаг байгаа. Энэ хугацаанд саатуулагдаж байгаа тохиолдол шүүхээр орж хянагдахгүй байна. 20 гаруй хувь дээр шүүх дээр ордог, бусдыг нь суллачихдаг. Тиймээс хойшлуулашгүй ажиллагаа буюу хүний эрхэд шүүхийн хяналтгүйгээр халдаж баривчилдаг, цагдан хорьдог асуудалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь цогц өөрчлөлтийг хийх гэж байна. Мөн одоо гэмт хэргээс оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьж байна. Энэ бол субъектив үндэслэл гэж үзэж байгаа. Энэ хуульд байгаа субъектив үндэслэлүүдийг объектив үндэслэл болгох ажлыг шинэ процессын хуулийн өөрчлөлтөөр хийнэ. Мөн цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг хязгаарлаж байна.
Эх сурвалж : Зууны мэдээ