Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.
Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, Хермес төв орчмын 2 байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон Говь ХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр 2 байршилд гүүрэн гарц шинээр бариж, 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн, 10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна. Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой аж.
Хермес төвийн урд Нарны замыг Алтай хотхон болон Дунд голын дагуу байрлах Тээвэрчдийн гудамжтай холбосон холбоос замтай нүхэн гарц баригдах бөгөөд нүхэн гарц доогуур автомашин, явган хүн зорчих боломжтой байх аж. Нүхэн гарц баригдсанаар Нарны гүүр, Сонсголонгийн гүүр хоорондын зай 3 км, Дунд гол дагуу байрлах орон сууцны томоохон хорооллууд тэр дундаа Алтай хотхон, мөн иргэдийн хөдөлгөөний эрчим ихтэй 3,4-р хороолол, 25-р эмийн сан, Хермес худалдааны төв, УБ палас чиглэсэн зорчих заагийг 1 шугамаар нэмэгдүүлж, Гурвалжингийн гүүр болон Нарны гүүрийн ачааллыг тус бүр 15 хувиар буруулах ач холбогдол бүхий гудамж замуудын зохицуулалт холбоос зам бий болно. Мөн Энхтайваны өргөн чөлөөний ачааллаас 5 хувь, Чингисийн өргөн чөлөөний гудамжны замаас 12 хувийн ачааллыг тус тус бууруулна хэмээн тооцож байна.