Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан 5 иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Хэргийн талаар дурдвал, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт иргэн Д нарын 6 иргэн бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг зөвшөөрөлгүйгээр агнасан. Мөн тухайн үедээ буу алдан тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан иргэн Г-ын хүзүүн тус газар онож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг гарсан.
Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5,5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Харин Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нэг иргэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилээр тэнсэж шийтгэсэн байна.
Мөн түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.400.000 төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.