“Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль” эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ жил Өвөрхангай аймгийн Хужирт сум байгуулагдсаны 90 жил, Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Төрөлх сумынхаа үүсэл хөгжил, газар зүйн онцлог байдал болоод сумаасаа төрөн гарсан эрдэмтдийн Монгол улсын түүх ,шинжлэх ухаан, шашин соёл, боловсролын салбарт ямархан тод мөртэй байж ирснийг таниулан дэлгэсэн эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.
“Халхын Цогт хунтайж ба Хужирт сум, сургууль” эрдэм шинжилгээний хуралд Хужирт сумаас төрөн гарсан эрдэмтэд, доктор профессорууд болон ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, Архивийн ерөнхий газрын эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хурлыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИХТ,ЗДТГ, ЕБС-уулаас санаачлан ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн ажлын хэсэг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг Чингис Үндэсний Музей дэмжин оролцлоо.