Шинэ барилдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө сумогийн аварга Хакухогоос коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан талаар Японы Сумогийн холбоо мягмар гарагт мэдэгдсэн байна.
Японы Сумогийн холбооны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Хакухогийн дэвжээнээс өөр хүн коронавирусийн халдвар авсан эсэх мөн Хакуход шинж тэмдэг илэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй хэмээжээ. Харин Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Хакухо Даваажаргал үнэрлэх мэдрэмжээ алдсанаа анзаарсны дараа шинжилгээ өгсөн гэнэ.
Аварга Хакухо М.Даваажаргал Токио хотноо ням гарагт эхлэх сумогийн шинэ барилдаанд бэлдэж байсан бөгөөд одоо үүнд оролцох эсэхийг хараахан шийдээгүй гэж Сумогийн холбооны төлөөлөгч мэдэгджээ.
Хакуход халдвар илрэхээс өмнө Ояката Арасиогийн дэвжээнийнхнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, дэвжээний үсчин халуурч, шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа бусад хүмүүст шинжилгээ хийхэд 11 нь эерэг гарчээ.