Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол эхэллээ. Дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон У.Хүрэлсүхэд монгол төрийн тамгыг шилжүүлэн өглөө. Ингэснээр У.Хүрэлсүхийн бүрэн эрх баталгаажиж, Х.Баттулгын бүрэн эрх дуусч байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд У.Хүрэлсүхийн гэр бүл, үе үеийн Ерөнхийлөгч нар, намын төлөөлөл, салбар бүрийн төлөөллөөс оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.Миний бие бүрэн эрхт бүтэн заяат туурга тусгаар улсынхаа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шударгаар сахин биелүүлэх Монгол төрийг тэргүүлэх үүрэг хүлээлээ.
Надад ийм итгэл, хариуцлага хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Намайг төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав, ээж, өвөг дээдэстээ мэхийн ёслоё. Хүний эрх эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлээ хичээн зүтгээрэй гэсэн үүрэг хариуцлага гэж хүлээж авч байна. Монголчууд бид тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй. Шударга ёс тэгш эрхийн төлөө ямагт тэмцэж ирсэн.
Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн байгалийн баялгаа тэгш хүртэх нь бас нэг зарчим. Монгол хүн бүр баялагтаа эзэн байхын төлөө төрийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг, ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг юм. Монгол хүний бичиг үсэг, нүүдлийн соёл гээд ундран оргилдог баялаг маш их бий. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, ард түмний язгуур эрх ашиг улс орны тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэх болно.Өнөөдөр та бидний өмнө амаргүй цар тахал тулгараад байна. Хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна. Цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сахин биелүүлэхийг уриалж байна гэлээ.