Ирэх 6 сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетынхаа зарим сайдыг огцруулах гэж байгаа тухай мэдээлэл төрийн ордноор яригдаж эхэллээ.
Засгийн газраа муухай харагдуулж байгаа гэх гурван сайдаа явуулах бололтой. Олон нийтийн зүгээс У.Хүрэлсүхийн засгийн газрыг цар тахлын энэ хүнд үед чамлахааргүй сайн ажиллаж байгаа гэх дүнг тавьж засгийн газрын тэргүүн нь өөрөө улс төрчдийн рейтингийн судалгааны нэгдүгээрт бичигдэж байгаа ч танхимынх нь зарим сайдууд засгийн газрынхаа амжилтаас хойш нь татаж байгаа.
Эдгээр хүмүүсийн нэгдүгээрт мэдээж Соёлын сайд С.Чулуун бичигдэж байна. Тэрээр үндэсний архивын газрын дарга байхдаа Монгол улсын М1 данстай архивын хосгүй үнэт баримт материалуудыг хятадууд зарсан. Манжийн үеийн нэгдүгээр сан хөмрөг : “Хүрээ сайд”-ын хөмрөгийн бүх дансыг БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хамтран өндөр чанарын гэрэл зургийн хуулбарын аргаар хэвлэн нийтлүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурсан. Түүгээр зогсохгүй Өндөр гэгээн Занабазартай холбоотой хосгүй үнэт өвүүд ч Чулуун сайдын гараар орж мөн л Хятадад очсон. Өнөөдөр Хятадууд дээрх баримт материалуудыг боть болгон зарж хэдэн арван тэрбумын ашиг олж байхад Монголд сохор зоосны ашиг авахгүй байгаа нь дээр хамгийн том аюул нь түүхийн хосгүй үнэт өвөө алдсанаар тусгаар тогтнолд ч заналхийлэх аюулыг дагуулаад байгаа.
Чулууныг Ерөнхийлөгч г зүтгүүлсээр байгаад сайд болгосон ч тэрээр сайд болоод хагас жилийн нүүр үзээгүй хэрнээ ноцтой асуудалд нэр холбогдож Ерөнхийлөгчийн нэр хүндийг ч газарт булшлав. Ийм том ноцтой хэрэг үйлдчихсэн сайдаа танхимаасаа гаргах нь зүйн хэрэг болж таарна.
Дараагийн нэрлэгдэж байгаа сайд бол Хууль зүй дотоод хэрийн сайд Х.Нямбаатар. Өөрийнх нь нэр хүндэд халдсан гэх явцуу үзлээр хүн болгоныг шүүхэд дуудаж эрүү үүсгэж байгаа тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчдийн амийг хүртэл барих гэж улайрч байгаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, худал мэдээлэл түгээсэн хэргээр сэтгүүлчид 1-5 жил хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль оногдуулдаг болох гэж байгаад сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайдынхаа чихэнд хонх уяж байгаа дараагийн сайд бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн. Түүнийг томилогдоход л салбарынхан нь хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцэлтэй тулсан. Гэвч хуучин төрийн нарийн бичгийн дарга одоогийн УИХ-ын гишүүн Баярсайханы татаасаар сайд болсон.
Өнгөрсөн хугацаанд салбартаа нэг ч сайшаагдахаар ажил хийгээгүй түүнийг Ерөнхий сайд сэлгэх хүний тоонд оруулаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Цар тахалтай нэн сайн тэмцэж байгаа гэх У.Хүрэлсүхийн засгийн газрын ажил амжилтаас хойш нь чангааж байгаа дээрх сайдуудаа явуулж ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сэлгээ хийх нь гарцаагүй харагдаж байгаа.
Цаашид дээрх гурван сайдыг орлох танхимаа муухай харагдуулахгүй явчих дараагийн хүмүүс нь хэн болж таарах бол …?