Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН)” -н хэрэгжилтийг хангах төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эрхзүй, бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 3 үйл ажиллагааны чиглэл болон харгалзах зорилтуудыг тусгасан байдаг.
Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх хүрээнд “Газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эерэг нөлөөг зохистой ашиглах, сөрөг нөлөөг сааруулах замаар тариалангийн бүтээгдэхүүнээр хүн амыг эрүүл хүнсээр, мал аж ахуйг тэжээлээр, хөнгөн, хүнсний үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх” гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ус, усалгааны зардлыг бууруулах, хөдөлмөр зарцуулалтыг хэмнэх зорилгоор усалгаатай төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд дуслын болон нэвчүүлэх усалгааны технологи, нийлэг хальсан хучлага нэвтрүүлэх мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нөлөөллөөс сэргийлэх зорилгоор үр тариа, тэжээл техникийн ургамлын талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн.
Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "NDC Action in Mongolia" төслийг санаачлагч, дэмжигч байгууллагуудтай ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэд хамтран ажиллaлаа.