УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 37 тусгаарлах байранд 1,708 иргэн байгаа. Улаанбаатар хотод 31 тусгаарлах байрыг ашиглаж байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар 36 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 24 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. Зургаан иргэн гэрийн ажиглалтруу шилжсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 105 хүн гэрийн ажиглалтад шилжсэн ба “Эх нярайн эмэгтэйчүүдийр төв-2”-оос 9 хүн эдгэрч гарсан. Гэрийн ажиглалтад байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсье. гэлээ
Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх талаарх мэдээлэл нийгэмд тарсан тухайд тэрбээр хэлэхдээ “Нэг өрх- Нэг иргэн уриан дор шинжилгээг иргэдээс авч байгаа. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах судалгаа хийж байна. Түүнээс биш удирдлагын түвшинд Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх асуудал яригдаагүй тул иргэд сандарч үймэхгүй байхыг хүсье. Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх боломжгүй” гэсэн юм.
УЛААНБААТАРТ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ
"Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна" гэх мэдээлэл иргэдийн дунд гарсантай холбоотойгоор. ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна. Баталгаагүй мэдээг олон нийтэд түгээж, хий хомсдол, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.
Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл. Засгийн газрын болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой.
Та халдвар хамгааллын дэглэм барьж, гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна. Давхардаагүй тоогоор 1.2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна" гэв. ЭМЯ-наас тэг зогсолт хийх санал гаргаагүйг ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн билээ.
Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ хугацааг сунгах эсэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргадаг учиртай. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ. Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.
ЭМЯ 28 ХОНОГТ ТУХАЙН ГОЛОМТООС ХАЛДВАР ГАРАХГҮЙ БОЛ ИДЭВХЖИЛ НЬ ЗОГСЛОО ГЭЖ ҮЗДЭГ
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн : Халдвараар өвчилсөн иргэдийн 70-80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна.
"Монгол Улсын тархалтын байдлыг харвал Улаанбаатар хотод класстер хэлбэрээр тархаж, хөдөө орон нутаг харьцангуй голомт намжсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлэх боломжтой байгаа ба хүн амын дунд нийтийг хамарсан цар тахал болоогүй байгаа учраас халдвар авсан иргэдээ тусгайлан эмчлэх тактикаар ажиллаж байна. Хэрэв хүн амын дунд тархалт гараад ирвэл хөнгөн өвчтөнийг гэрээр нь эмчлэх стандарт руу шилжинэ" гэдгийг онцлов.
Манай улсын нэг айлд дунджаар 3-4 хүн амьдрах, нэг гэрт бөөнөөрөө байдаг онцлогийг харгалзан эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэлээ.
КОВИД-19 манай улсын хүн амын дунд тархвал ашиглахаар бэлдсэн 5,366 орны 9.5%-ийг одоогийн байдлаар ашиглаж буй аж. Тодруулбал,
- Энгийн- 5,057 ор
- Эрчимт – 309 ор
ЭМЯ 28 хоногт тухайн голомтоос халдвар гарахгүй бол идэвхжил нь зогслоо гэж үздэг.
"Манай улсад Сэлэнгэ аймагт сүүлийн 15 хоног өвчлөл гараагүй байдалтай явна. Энэ нь иргэд хөл хорионы дэглэмийг сайн сахиж байгаатай шууд холбоотой. Тэр утгаараа нийслэл дэх голомтуудыг намжаахад иргэдийн оролцоо маш чухал” гэдгийг мэдээллийн төгсгөлд хэллээ.
МИАТ КОМПАНИЙГ ХӨЛСӨЛЖ, ТУС ОНГОЦООР ЭСЯ-НЫ 30, НҮБ-ЫН ГУРВАН АЖИЛТАН, МАНАЙ УЛСЫН ТАВАН ИРГЭН ИРСЭН
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж, тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн.
Манай улсын таван иргэний хувьд хоёр нь Монголоос очсон боловч БНСУ хилээрээ нэвтрүүлээгүй, нутаг буцах нислэггүй 10 гаруй хоносон байсан. Олон улсын нислэгийн дүрмийн дагуу эдгээр зорчигчдыг аваачсан улс нь буцаан авах үүрэгтэй байдаг. Тиймээс бид АНУ-ын ЭСЯ-нд хүсэлт тавьж хоёр иргэнээ авчирсан.
Бас нэг зорчигчийн хувьд эндээс БНСУ руу хүнд өвчтэй хүнийг харгалзаж явсан эмч байгаа юм. Үлдсэн хоёр зорчигчийн нэг нь маш хүнд нөхцөл байдалтай бөгөөд гэр бүлийн хүн нь сахиур нь байсан. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан" гэв.