УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрөгч сар шинийн баярын босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол энэ жил тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэж байна” хэмээн онцлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна.
Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна.
Төсвийн тодотголд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц, арга хэмжээг тусгалаа.
Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардлагатай 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт. Үүнийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэ шийдвэрийг иргэд хүндэтгэн хүлээн авна гэж итгэж байна.
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахмадуудын тэтгэврийг 500 мянгад хүргэх нь ахмад настнуудын хувьд цаг үеэ олсон бодит дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.